Би эр хүн” 20 км-ийн холын зайн гүйлтийг ХЦ-ийн 0101 дүгээр анги тэргүүллээ
Монгол Улсад шинэ үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 93 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулан аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулж буй цуврал тэмцээн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын дунд “Би эр хүн” 20 км, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд 10 км-ийн холын зайн гүйлтээр энэ сарын 10-ны өдөр үргэлжлэн явагдлаа.
 
“Би эр хүн” 20 км-ийн холын зайн гүйлтийн тэмцээнийг ХЦ-ийн 0101 дүгээр ангийн баг тамирчид 1 цаг 11 минут 14 секунд 15 долиор тэргүүлж, Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид удааллаа. ХЦ-ийн 0243-р ангийн 1 тамирчины шагай нь замын голд гэмтэж уралдахад бэрх болсон ч бариандаа орж ирж чадсан нь гайхалтай. “Би эр хүн” холын зайн гүйлтийн тэмцээн хүчний байгууллагуудын эрчүүдийн хурд, хүч, тамирыг харуулсан жинхэнэ эрчүүдийн тэмцээн боллоо. Ерөнхий боловсролын сурагчдын дунд зохион байгуулагдсан 10 км-ийн гүйлтийн тэмцээнийг Сүхбаатар МСҮТ-ийн баг тамирчид тэргүүлж, Алтанбулаг сумын сургууль, Сүхбаатар сумын 12 жилийн 2-р дунд сургуулийн багууд удааллаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб энэ удаагийн тэмцээнийг Соёл Спорт Аялал Жуулчлалын Газартай хамтран зохион байгууллаа.