ӨНГӨ НЭМСЭН ЦЭНГЭЛДЭХ ДЭХ БАЯР НААДМЫН НЭЭЛТ

Ардын хувьсгалын 96 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 86 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Баяр наадмын нээлт аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэн дүүрэн наадамчидтайгаар үнэхээрийн бахдал дүүрэн эхэлсэн. Аймгийн Засаг даргыг баяр наадмын үйл ажиллагааг албан ёсоор нээсний дараа цэргийн хүрээнийхэний ёслолын парад болов. Энэ жилийн тухайд Сэлэнгэчүүд битүү дэвээрлэсэн баяр наадмынхаа талбайг цоо шинэ ногоон зүлэгтэйгээр харахад хараа баясам гайхам сайхан тэмдэглэлээ. Аймгийн Сэлэнгийн долгио чуулга, Мандал сумын Мөнгөн хараа чуулгын хамтарсан мэргэжлийн дуучид бүжигчид, Сайхан, Сүхбаатар сумдын авъяаслаг хүүхдүүд багачууд хамтарч баяр наадмын нээлтийг үзэгч олноо сонирхуулсан. Бүжиг, дуу, уран нугаралт, гимнастик гээд бүхий л төрөл энэ удаагийн тоглолтонд багтсан байлаа.