ЭНЭ ЖИЛИЙН НААДМЫН ЕСӨН НАСНЫ ХУРДАН ХҮЛГҮҮД

Алдарт Буган халиун, Төрийн түмэн эх зээрд халзангийн удам Сэлэнгийн шандаст хүлгүүд хурдтай сайхан байж наадамчин олноо цэнгүүлэв.
АЗАРГА насны хурдан хүлгүүдийг Алтанбулаг сумын Баярцэнгэлийн хул магнайлж, Ерөө сумын Одсүрэнгийн ягаан, Мандал сумын Баярболдын хүрэн, Баянгол сумын Батжаргалын саарал, Түшиг сумын Дашзэвэгийн хээр удааллаа. Хурдан ИХ НАСНЫ түрүү магнайд Алтанбулаг сумын Эрдэнэ-Очирын хар хурдалж, Сүхбаатар сумын Энхсүхийн цоглог хээр, Мандал сумын Пүрэвдоржийн бор, Хушаат сумын Бат-Очирын хул, Сүхбаатар сумын Мөнхбатын хонгор халзан айрагдлаа. Үзэгч олныг бөөгнөрүүлэн хуйлруулдаг хурдан СОЁОЛОНГИЙН түрүү магнайд Баянгол сумын Бадрал-Эрдэнийн зээрд хурдалж, Сүхбаатар сумын Очирзаяагийн халтар, мөн сумын Батзулын хүрэн, Баянгол сумын Нямын хүрэн, Мандал сумын Баяртулгын хүрэн тус тус айрагдлаа.
ХЯЗААЛАН насанд Түшиг сумын Эрдэнэмандахын ягаан бор түрүүлж, Сүхбаатар сумын Ган-Эрдэнийн хонгор, Шаамар сумын Энхсайхны хар, Сайхан сумын Тулгын зээрд, Баянгол сумын Мөнхтулгын хонгор айрагдлаа.
ШҮДЛЭН насанд Хушаат сумын Алтансүхийн хээр алаг түрүү магнайд хурдалж, Алтанбулаг сумын Эрдэнэ-Очирын шарга халзан, мөн сумын Ганболдын хүрэн, Шаамар сумын Энхсайхны уран бор, Цагааннуур сумын Мөнх-Эрдэнийн хээр айргийн тавд хурдлав. Өхөөрдөм хөөрхөн ДААГАНЫ түрүү магнайд Зүүнбүрэн сумын Ганбаатарын сартай хүрэн хурдалж, Сүхбаатар сумын Баянмөхнийн хар аман хүзүүдэж, Зүүнбүрэнгийн Сүрэнжаргалын хүрэн, Түшигийн Эрдэнэмандахын бор, мөн сумын Сүрэнхүүгийн хүрэн халзан айрагдлаа.

ЭРЛИЙЗ ДЭЭД насанд Жавхант сумын Баатарын хээр түрүүлж, Мандал сумын Батбаатарын бор, Сүхбаатар сумын Мөнхбатын хээр, Зүүнбүрэн сумын Мөнхсүрэнгийн хүрэн халзан, Мандал сумын Баярболдын цавьдар халзан удааллаа. ЭРЛИЙЗ ДУНД насанд Мандал сумын Энхсүхийн хар халзан түрүүлж, Сүхбаатар сумын Бямбаагийн хүрэн, Зүүнбүрэн сумын Алтанхуягийн хандгай хул, Сайхан сумын Баярбатын бор хээр, Алтанбулаг сумын Батбилэгийн хүрэн айрагдлаа. ЭРЛИЙЗ БАГА насанд Сүхбаатар сумын Отгонбаярын шар хээр түрүүлж, Зүүнбүрэн сумын Цэрэнтогтохын хээр, Сүхбаатар сумын Мөнхбатын хонгор халзан, Зүүнбүрэн сумын Наранцогтын сартай хүрэн, Алтанбулаг сумын Цэгмидийн хонгор удааллаа.