УЛСЫН ЗААН ЖАРГАЛБАЯРТАЙ ҮЗҮҮР ТҮРҮҮНД ҮЛДЭХДЭЭ ЁСТОЙ ШӨРМӨСӨӨ ТАТТАЛ БАРИЛДСАН ДАА

Аймгийн арслан Э.Саранбаатар:

УЛСЫН ЗААН ЖАРГАЛБАЯРТАЙ ҮЗҮҮР ТҮРҮҮНД ҮЛДЭХДЭЭ ЁСТОЙ ШӨРМӨСӨӨ ТАТТАЛ БАРИЛДСАН ДАА

Энэ жилийн Сэлэнгэ аймгийн баяр наадмын түрүү бөх Эрдэнэжавын Саранбаатартай энэ удаагийн ярилцлагаа өрнүүллээ. Заан цолтой байхдаа Монгол Улсын 21 аймгийн заан цолтнуудын манлай гэгдсэн эрхэм зочин маань аймгийн хурц арслан Эрдэнэжав гуайн хүү, удам дагасан бөх. Саранбаатар арслангийн авга ах нь дүүгүүр Цэдэв гэж хурц арслан хүн байжээ. Түүний аав, авга ах, тэрээр өөрөө ч Охиндийд төрж өссөн Зүүнбүрэнгийн унаган хүмүүс бөгөөд Наахүү гэдэг захирагчийн удам угсаа ажээ. 1998 оноос үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн Э.Саранбаатар арслан 2000 онд Зүүнбүрэн сумандаа түрүүлж сумын заан, 2004 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртэн, 2012 онд аймгийн баяр наадамд 6 давж чимэг нэмэн, 2014, 2015 онуудад аймгийнхаа баяр наадамд 7 давж үзүүрлэн аймгийн заан цолоо гурав дахь удаагаа баталсан билээ. Арслан цол гэдэг их хүндтэй цол юм байна хэмээн инээмсэглэх шинэхэн арслангийн ярилцлгаа та бүхэндээ хүргэе.

Юуны өмнө энэ жилийн аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цолтоны тоог нэмсэнд тань баяр хүргэе. Олон жил урамтай сайхан барилдаж бөх сонирхогч олноо баясгаж ирсний үр дүн гаравуу даа гэж харж сууна. Арслан цолны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Баярлалаа. Олон жил түрүүлнэ л гэж бодож барилдсан. Арслангийн даваанаас нилээд хэд буцсан. Энэ жил сайхан барилдаад арслан цолыг хүртлээ. Сэтгэл маш өндөр байна.

Энэ жил бэлтгэлээ хэрхэн базаав?

Төврүү явж бөхийн галуудтай нийлж бэлтгэлдээ гарч чадсангүй ээ. Ер нь ч хувиараа л бэлтгэлээ хийчихдэг талтай... /инээв/. Өвлийн бэлтгэл гэж нэг их хийдэггүй. Өөрөө барилдах бөхчүүдтэйгээ цуг бэлтгэл хийхгүй гэж үздэг. Хамт бэлтгэл хийхээр дасал болчихоод нэг нэгнийхээ мэхэнд унахаа больчихдог. Тиймээс ер нь жаахан нууцлаг байж байгаад л наадамдаа зодоглоно шүү. /инээв/ Мэхээ давтаад л, хувиараа бэлтгэлээ хийнэ дээ... Ажил ч тэгж таарах юм. Ажлынхаа хажуугаар 10 хоног амраад бэлтгэлээ хийгээд л зохицуулна даа.

Өөрийн тань аав аймгийн хурц арслан хүн. Та удам дамжсан бөх. Энэ бас сайхан юм шүү?

Өө тэгэлгүй яахав. Миний аавыг аймгийн хурц арслан Эрдэнэжав гэдэг. Аавынхаа цолны чимгийг гүйцчихээд л байж байсан юм. Харин энэ жил арслан цолоо авлаа. Дараагийн удаа аавтайгаа адил хурц арслан цолыг авна л гэж бодоод сууж байна. /инээв/

Хүүхэд байхдаа аавыгаа дагаж хэр их явдаг байв. Аавын тань таньд хэлж ярьсан, сэтгэлд тань үлдсэн дурсамж олон л байгаа байх?

2002 онд хотод бэлтгэл хийгээд. Буяндорж захирлын Ноёд групп дээр тамирчнаар байсан үе. Тэр үед аав дээрээ энэ жил арслан болчихъё гэж би орж ирсэн юм. Нутгийн ах нар дэмжье гэж байна. Энэ жил арслан болчихвол дараа дараагийн жилүүдэд улсын цолонд илүү ойртоно гэж байна гэж хэллээ. Тэгсэн аав хүнээс гуйж цол авдаг юмуу? гэж зэмлэсэн. Тэгэхээр нь би бас нэг юм бодоод... Аав тэгж хэлээгүй байсан бол одоо улсад барилдаад ямар нэг улсын цолонд хүрчихсэн байх байсан болов уу. /инээв/ Тэгэхдээ энэ бол аавын минь сэтгэлийн үг байсан.

Г.Эрхэмбаяр аварга, Т.Өсөх-Ирээдүй харцага та нар яг нэг үеийнхэн. Бас хамтдаа нэг багшийн удирдлаганд бэлтгэл хийж байсан гэдэг байх аа?

Тийм ээ. Бид гурав Ноёд группийн тамирчин байсан. Буяа захирал маань ч биднийг их дэмждэг байсан. Ноднин захирал маань ирж уулзаад нөгөө хоёр маань улсын цолонд хүрчихлээ. Одоо Сараа маань улсын цолонд хүрчихвэл... Ямар ч гэсэн арслан болчихоосой гэж бодохым гэж байсан. /инээв/ Энэ жил ингээд сайхан барилдаж арслан боллоо. Олон хүний хүсэн хүлээж байсан итгэлийг алдаагүй байх гэж бодож байна. Сэлэнгийн ард түмэн сайхан баярласан.

Саяын баяр наадмын хамгийн хүнд барилдаан?

Үзүүр түрүүний барилдаан л хэцүү байлаа даа... Анх гарч барилдахаасаа эхлээд сэтгэлд үзүүр түрүүнээс ахиад буцахвий гэсэн бодол байсан. /инээв/. Тиймээс өөрийгөө их тайвшруулж тайван байлгасан. Өмнө нь 3 удаа буцчихсан хүн чинь заримдаа жаахан эмээх зүйл бас байна аа. /инээв/ Энэ жилийн барилдаан 4 дэх жилээ үзүүр түрүүнд ирж барилдсан барилдаан байлаа.

Одоо бол өөрөө өөрийнхөө бэлтгэл хангагч, өөрөө өөрийгөө бэлтгээд л явчихдаг юм байна ш дээ. Томоохон олныг хамарсан бэлтгэлд хэзээ гарсан бэ?

/Инээв/ Тиймээ. 2002 онд улсын харцага Элбэг багш маань хөдөөнөөс намайг дуудаад анх хотод бэлтгэл хийсэн. Тэр жил бэлтгэл маш сайн байсан. Наадмын бэлтгэл дээр Элбэг багш Хөвсгөлийн Мөнгөнхуяг Хөвсгөлд түрүүлж, Саранбаатар Сэлэнгэд түрүүлж арслан болно гэж хэлж байсан юм. Энэ хоёр бол арслан цолны эрэмбэтэй хүмүүс гэж бид хоёрт маш их итгэл тавьчихсан байсан. Тэгсэн би тэр жил аймгийн начин Амараад 2-ын даваанд уначихдаг юм. Одоо аймгийн арслан Сайхан сумын Амараа шүү дээ. Тэгээд хотруугаа очоогүй. Тэр чигээрээ хаяад хөдөө явчихсан. Тэр бол миний алдаа байсан. Захирлаас эхлээд бүгд л өндөр итгэл тавьчихсан байсан. Хүний итгэл алдчихлаа гэж бодоод л...

Уг нь очих байсан юм биш үү. Алдаан дээрээ суралцаад илүү их хичээллээд улсын цолонд хүрчихэд ойрхон л байж дээ?

Харин тиймээ. Үндсэндээ бол Элбэг багш дээр нэг жил маш сайн бэлтгэл хийсэн тэр суурь маань одоо хүртэл явдаг. Түүний үр дүн ч өнөөдөр гарлаа. Түүнээс хойш өөрөө өөртөө дасгалжуулагч хийгээд л явж байна. /инээв/

Бөхийн хамгийн анхны гарааны багш тань ямар хүн байв?

Манай аав намайг 19 нас хүрэхэд гэнэт л одоо чи барилдах болсон гээд анх удаа сумын наадамд гаргаад 4-т үлдсэн юм. Барилдаж огт мэдэхгүй байлаа. Ингээд аймгийнхаа наадамд ирж 4-ийн даваанд Батсайхан заантай /одоо арслан/ таараад унаж байсан. Үүнээс хойш л бөхөөрөө тууштай явж байна.

Эцэг эхээс хэдүүлээ билээ. Ах дүүсээс чинь спортоор тэр дундаа бөхөөр хичээллэж байгаа хүн байна уу?

Эцэг эхээс 5-лаа. Манай нэг дүү сумын заан.

Таны гарт орсон мэх буюу дархан мэх юу билээ?

Нэг мэхээр удаан барилдаж болдоггүй. Хүмүүс ч унахаа больчихдог. Эхлээд бусгадаг, татаж хонгоддог байсан. Дараа нь давуулж гуядах мэхийг их голчилсон. Энэ мэтээр мэхэн дээрээ ч гэсэн суралцаад, өөрийгөө хөгжүүлээд явдаг. Ер нь бөх хүн олон угсраа мэхтэй, түүндээ эзэн байх хэрэгтэй. Шинэ мэхийг сурч, өөртөө гаршуулах ёстой.

Таны барилдааныг хараад байхад ер нь нэг их уддаггүй талтай. Их л хурдтай барилдаад байх шиг санагддаг. Харин сүүлийн үед нилээд барьж барилддаг болж?

Өмнө нь ч маш хурдтай барилддаг байлаа. Яаж давсан, яаж унаснаа ч мэдэхгүй байрын талдаа... /инээв/  Сүүлдээ барилдааны туршлага ч юмуу алдаа оноон дээрээ суралцаад ер нь хүлээж, барьж барилддаг болоод байгаа. Найдвартай мэх хийхийн тулд. Санасан барьцандаа хүрэхийн тулд зогсдог болсон шүү. /инээв/

Харж суралцдаг, бас хүндэлж явдаг бөхчүүд байгаал байх...?

Бат-Эрдэнэ аваргыг их хүндэлж явдаг. Эгэлгүй бяртай хүн. Манай аймгийн бөхчүүдээс манай Эрхэмбаяр аварга байна. Үнэхээр бяртай. Өсөх-Ирээдүй харцага айхтар ухаантай барилддаг хүн ш дээ. Үүнээс хойш сайхан дүү нар байна аа байна.

Энэ жилийн барилдааныг оролцуулахгүйгээр хамгийн их хөлс хүчийг тань шавхсан санаанаас гардаггүй ямар барилдаан байна вэ?

Улсын заан Жаргалбаяртай үзүүр түрүүнд үлдэхдээ ёстой шөрмөсөө таттал барилдсан даа. /инээв/ Тэр жил бэлтгэл сайтай ч байсан. Хүнд барилдаан байсан. Ерөөсөө мартагддаггүй барилдаан байгаа юм.

Элбэг харцага дээр байсан бол их л дээшээ явах байж дээ?

2014 онд бэлтгэл хийх гээд очсон багш маань, чи яах гэж ирж байгаан гээд заалнаас хөөж байсан. Би гомдоод хувцасаа өмсөөд гарах гэж байтал, бүгдийг нь жагсаагаад энэ хүн бол одоо бэлтгэл хийх гээд ирж байдаг. 2002 онд надаас зугатаагаад явсан. Барилдаж байсан бол улсын харцага цолны хэмжээний хүн байх ёстой. Цуг барилдаж байсан Эрхэмбаяртай ана мана үзэж байсан гэж хэлж байсан юм.

Тунасан, унасан барилдаанууддаа хэр дүн шинжилгээ хийж байна?

Өө хийлгүй яахав. Давсан үед бол мартчихдаг. Унасан тохиолдолд байнгын дүн шинжилгээ хийдэг. Тийм мэхэнд ингэж уначихлаа гээд. Дараа нь тэр мэхэндээ хэрхэн яаж хариулах уу, хамгаалах уу гээд л...

Энэ жил Төрболдтой барилдахдаа ямар тактиктай гарсан бэ?

Төрболд ч бас их эвгүй ш дээ. Би зүүн талтай. Намайг баруунаас мэх хийхгүй байх гэж бодсон байх.

Таны хобби сонирхол?

Байгалийн сайхныг үзэж, аялж зугаалах дуртай. Сайхан байгаль ч бас сэтгэл сэргээнэ шүү дээ. Хамаг ядаргааг гаргаж чаддаг. Гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ аялах дуртай.

Та өөрийнхөө гэр бүлийг танилцуулахгүй юу. Сайн яваа эр хүний цаана гэр бүл хань ижил их үүрэг гүйцэтгэдэг гэж боддог?

Тэр үнэн. Манайх 3 хүүтэй. Миний ханийг Алтанцэцэг гэдэг дархан бэр хүн байгаа. Сайн явахад ар талыг эхнэр хүн л авч явдаг. Миний хань ар гэрийг маш сайн авч яваа. Энэ амжилтанд хүрэх үндэс суурь бол миний хань. Хаана ч явсан би ар талдаа санаа зовдоггүй. Энэ дашрамд ханьдаа маш их баярлаж явдаг шүү гэдгээ хэлье.

Сэлэнгэ нутгийн залуучууд дундаас сайн барилдчихаар ямар бөхчүүд байна вэ, таны бодлоор?

Энэ жилийн наадамд харцага цол авсан Ганбаярыг гайгүй барилдчих болов уу гэж харсан. Эрдэнэбаяр найзыгаа энэ цолонд хүрээсэй гэж хүсч байна. Адилхан олон жил сайн барилдаж яваа. 2 удаа 5, 2 удаа 6 давсан хүн ш дээ. Бас Энхжаргалыг арслан болчихоосой гэж бодох юм. Энэ сайхан цолны энэ гоё мэдрэмжийг аваасай гэж хүсч байна.

Бөхөөс гадна сонгуульт ажил хийдэг юм шиг байсан?

Сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдоод байгаа. Тэргүүлэгч, төлөөлөгч гээд сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын төлөө явж байна. 

Аав ээжээс тань захиж хэвшүүлсэн, та өөрөө ч мөрддөг сургааль байдаг уу?

Аав маань нэг л юм хэлдэг байсан. Хүн муу байж болно. Үр хүүхэддээ “алт” байдаг шүү. Хүнийг битгий голж харьцаж байгаарай гэж. Энэ сургааль үгийг би амьдралдаа бас мөрдөж явдаг. Үр хүүхэддээ ч өвлүүлэн үлдээнэ. Хичнээн муу хүн байсан ч өөрийнхөө үр хүүхдэд тэр хүн шиг “алт” хаана байхав дээ. 

Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг үгийг бодож, зөв явахыг л зорьж яваа түүнийг бөхийн торгон ногоон дэвжээ ивээн арслан цолтон болголоо. Ёстой л үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үгийн биелэл гэлтэй олон жил тогтсон заан цолоо давлаа. Энхсүх, Нараа гээд сайхан найз нөхөдтэйгээ зөвлөлдөн, тэднийхээ, бөх сонирхогч олныхоо уухайн дуутай сайхан барилдаануудыг Э.Саранбаатар арслан гарган барилддаг. Өөрийнхөө унаган тамираараа, өөрөөрөө барилддаг онцлогтой бөх гээд тодорхойлчихвол бараг л таарах болов уу. Арслангийнхаа дараа дараагийн барилдаануудад улам их амжилтыг хүсэн ерөөж аавынхаа амжилтанд хүрсэн хурц арслан, бүр цаашлаад улсын цолтон болохын ерөөлийг өргөе.

Д.Одонтунгалаг