АЙМГИЙН ДАРГА АЗИЙН АВАРГАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Азийн аваргад амжилттай оролцсон өсвөрийн тамирчдаа хүлээн авч уулзлаа. Тайланд улсын нийслэл Бангкок хотноо 07-р сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээнд манай аймгаас 2 тамирчин дасгалжуулагч багш Б.Энхбатын хамт амжилттай оролцсон билээ. 18 улсын 340 гаруй тамирчид хүчээ сорин өрсөлдсөн тус тэмцээнд Монгол улсаас 20 тамирчин оролцжээ. Азийн аваргын 49 кг-ын жинд спортын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Отгонжаргал хүрэл медаль хүртсэн бол 70 кг-ын жинд Сүхбаатар сумын 1-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ц.Хулан шагналт 5-р байрт шалгарсан байна. Одоо тамирчид ирэх 9-р сарын 04-08-ны өдрүүдэд Грек улсын Афин хотноо зохион байгуулагдах өсвөр үеийн чөлөөт бөхийн дэлхийн аваргад оролцох бэлтгэлээ хангаж байна. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил тамирчдын тэмцээн уралдааны зардлыг шийдэж өгснийг тэд амжилтаар хариуллаа. Уулзалтын үеэр аймгийн дарга дэлхийн аваргад оролцох зардлыг шийдвэрлэхээ илэрхийлж, тэмцээндээ амжилттай оролцохыг хүслээ. Дэлхийн аваргад манай улсаас эрэгтэй эмэгтэй 20 тамирчин, 3 дасгалжуулагч багшийн хамт оролцох ажээ.