СЭЛЭНГЭЧҮҮД АГУУ БӨХӨӨ АЛДАРШУУЛСАН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэлэнгэ нутгаас тодрон гарч дэлхийд данслагдсан агуу бөх бол “Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит Олон улсын тэмцээний хүрэл, Тбилисигийн Олон улсын тэмцээний мөнгөн медальт, “Интернациональ” Олон улсын тэмцээний долоо, Найрамдалт армиудын тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсан юм. Нутгийн хүчнээ алдаршуулж, их амжилтыг нь мөнхжүүлэх зорилгоор Д.Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны дэлхийн аваргын эрхийн төлөөх тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 10-р сарын 14,15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны эхэнд аймгийн Спортны ордны өмнө босгосон Д.Оюунболд агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Нээлтийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б.Баттулга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, “Шинэ бадрах” компанийн захирал Д.Бадрах, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, “Монгол алт” компаниийн захирал Ж.Мөнхтөр, “Мэргэд хангай” клубын захирал О.Жаргалцэнгэл, тэмцээний ерөнхий зохион байгуулагч ҮБТДС-ийн багш, докторант Ц.Баярсайхан, Д.Оюунболд агсны үр хүүхэд, эхнэр, эгч, дүү найз нөхөд, шавь нар нь оролцлоо. Нээлтийн ёслолын үеэр олон хүмүүст хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргилыг МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн алдар” одонгоор, Д.Оюунболд агсны шавь М.Төмөртогоо, Бат-Амгалан, Батхүрэл, Н.Цэрэнчунт нарыг МЧБХ-ны дээд шагнал “Ялалт” одонгоор, БСШУСЯ-ны хүндэт жуух бичгээр ОУХМ Д.Түгждорж нарыг шагнасан юм.

Д.Оюунболд агсны гэр бүлийн зүгээс ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Засаг дарга Ш.Оргил, “Монгол алт” компанийн захирал Ж.Мөнхтөр, Ардын багш, гавьяат дасгалжуулагч С.Магсар агсны хүү М.Мягмар, Д.Оюунболд агсны ууган шавь, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, шавь М.Төмөртогоо, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр нарт хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардууллаа. Залуучуудын дэлхийн болон Азийн аварга А.Батцэцэг, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, З.Занабазар, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Гантуяа, цэргийн дэлхийн аварга Г.Отгонжаргал, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Нямбаяр, Б.Нямгэрэл, Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Болор-Эрдэнэ, өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт З.Сумъяабазар, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга Г.Уртнасан, залуучуудын Азийн аварга Б.Цэцэгбаяр, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга гээд олон шилдэг залуу тамирчид энэхүү дэвжээнээ хүрэлцэн ирж зодоглосон юм. “Хилчин”, “Алдар”, “Хангарьд”, “Аврагч” спорт хороо, Булган, Сэлэнгэ, Орхон аймаг, БТСДуС, ҮБТДС, “Мон-Алтиус” БТДС, “Арслан”, “Мэргэд Хангай”, “Хасу Мегастарс”, “Алдартан”, “Женко”, “Цастын барс”, “Харгант Цамхаг”, “Ирээдүйн хүчтэн”, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клуб, “Ирээдүй” цогцолбор зэрэг нийт 20 байгууллагын 184 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд хүчээ үзэн өрсөлдөв. Тэмцээний жин тус бүрийн аваргууд арваннэгдүгээр сарын 21-26-нд Польшийн Быдгощ хотод болох 23 хүртэлх насны ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрх авсан. Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр ҮБТДС-ийн нэрэмжит шилдэг эрэгтэй, эмэгтэй уран барилдаантай бөхийн шагналыг Т.Тулга (Арслан), Б.Болортуяа (Женко) нар хүртлээ.

Дэлхийн агуу бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны ДАШТ-ий сонгон шалгаруулах тэмцээн өрсөлдөөн ихтэй, өндөр зохион байгуулалттай болсныг зорьж очсон зочид, тамирчид, дасгалжуулагчид бүгд хэлж тун чиг өндөр сэтгэгдэлтэй буцсан билээ.

Ингээд тэмцээний шагналтнуудыг танилцуулъя.

Эрэгтэйчүүдийн 57 кг: 1. Ц.Цогбадрах (Алдар) 2. Б.Түмэнцогт (Хасу-Мегастарс) 3. З.Занабазар (Арслан), Б.Ариунболд (БТСДуС)
61 кг: 1. Б.Баасанням (Женко) 2. А.Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс) 3. Ц.Чинзориг, Ц.Ганзориг (хоёул Мэргэд Хангай)
65 кг: 1. Т.Тулга (Арслан) 2. Г.Бэгзжав 3. Г.Ханбүргэд (хоёул Алдар), Г.Чойгажид (Женко)
70 кг: 1. Л.Батбаяр (Женко) 2. Б.Цогтгэрэл (Хасу-Мегастарс) 3. Б.Бямбадорж (Алдар), Х.Номинхонгор (Хилчин)
74 кг: 1. Б.Батсүх (Хасу-Мегастарс) 2. З.Сумъяабазар (Арслан) 3. О.Түмэннаст (Алдар), Б.Цэрэндаш (Ирээдүйн одод)
86 кг: 1. Г.Ганхуяг (Алдар) 2. Ч.Өсөхбаяр (Хилчин) 3. Н.Шинэтөр (Алдар), Б.Нямбаяр (Ирээдүй)
97 кг: 1. Т.Мөнгөншагай (Харгант цамхаг) 2. Б.Одсүрэн 3. Б.Зоригтбаатар, Б.Баасандорж (бүгд Мэргэд Хангай)
125 кг: 1. М.Лхагвагэрэл (Арслан) 2. О.Мөнх-Эрдэнэ (Мэргэд Хангай) 3. Э.Төгөлдөр (Хасу-Мегастарс), И.Мандах (Алдар)
Эмэгтэйчүүдийн 48 кг: 1. Б.Чимгээ (Хангарьд) 2. Н.Азжаргал (Алдар) 3. Н.Мөнхзул (Хангарьд), Ц.Лхамхүү (Женко)
53 кг: 1. Г.Отгонжаргал (Алдар) 2. Б.Хатантуул (Арслан) 3. А.Наранцацрал (Алдар), Т.Ариунзаяа (Хангарьд)
55 кг: 1. Б.Болортуяа (Женко) 2. Н.Лхагвадулам (Алдар) 3. Б.Халиунаа (Ирээдүйн одод), Х.Хулан (Хилчин)
58 кг: 1. А.Батцэцэг (Хасу-Мегастарс) 2. Т.Отгонбаяр (Женко) 3. О.Нямцэцэг (Ирээдүйн хүчтэн)
60 кг: 1. Э.Гантуяа (Хилчин)
63 кг: 1. Х.Болортуяа (Аврагч) 2. Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс) 3. Б.Идэрцэцэг (Арслан), Г.Нямсүрэн (Булган)
69 кг: 1. М.Хишигмаа (Арслан) 2. А.Сүрэн (Хилчин) 3. Э.Даваанасан (Алдар), Д.Цэнгэл (Булган)
75 кг: 1. П.Номин-Эрдэнэ (Алдар) 2. Г.Уртнасан (Хилчин) 3. Б.Цэцэгбаяр (Арслан), Н.Загардулам (Хилчин)