МЭНДЧИЛГЭЭ

Сэлэнгэ аймагт Биеийн тамир, спортын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа Сэлэнгэ нутгийн маань спортын үе үеийн ахмад тамирчид, багш, дасгалжуулагч, спортын зүтгэлтнүүд, Биеийн тамир, спортын газрын хамт олон та бүхэндээ ойн баярын гал халуун мэндийг өргөн дэвшүүлье.

          Биеийн тамир, спортын салбар бол бидний ирээдүй болсон хүүхэд, багачууд, залуучуудад маш их тэсвэр хатуужил, эр зориг, зөв хүмүүжил, төлөвшлийг бий болгодог төдийгүй хүний бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх гол үндэс нь болдгоороо бусад салбаруудаас ихээхэн онцлогтой. Тэр ч утгаараа миний бие энэ салбарт боломжит бүхий л дэмжлэгийг үзүүлэхийг хичээж ажилласаар байгаа.

Миний бие Сэлэнгэ аймагтаа Үндэсний бөхийн спортоо уламжлан дээдэлж, өргөжүүлэн хөгжүүлэхийг чиглэл болгон “Таван хан” бөхийн дэвжээг байгуулж, Сэлэнгэ нутгийн тасраад байсан амжилтыг 2013 онд буюу 76 жилийн дараа  Мандал сумын хүү Г.Эрхэмбаяр маань эргүүлэн авчирч Сэлэнгэчүүд биднийхээ магнайг тэнийлгэсэн баярт үйл явдал тохиосон билээ.

          Мөн 2009 оноос хойш Сэлэнгэ аймгийн Воллейболын холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж хүүхэд, залуучуудаа энэхүү спортоор хичээллэхэд дэмжлэг үзүүлэн Улс, Тив, Дэлхийн чанартай тэмцээнд амжилт үзүүлэхүйц шигшээ багийг бүрдүүлэхийг зорьж ажилласнаар Сэлэнгэ аймгийн Өсвөрийн эмэгтэй, эрэгтэй баг тамирчид маань аймаг, бүс, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалиудыг дараалан хүртэж, 2017 онд Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй баг тамирчид алт, эрэгтэй баг тамирчид хүрэл медаль, “Супер-8” тэмцээнээс өсвөрийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид мөнгөн медаль хүртсэн бахдам сайхан амжилтаар 70 жилийн ойгоо угтаж байна.

          Яг энэ цаг мөчид Монгол Улсад воллейболын слорт үүсэн хөгжсөний 90 жил, Монголын воллейболын холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн хэлэх дашрамд энэхүү спортын төлөө сэтгэл зүрх, мэдлэг чадвараа зориулсан үе үеийн багш дасгалжуулагчид, бүх тамирчид, дэмжигчиддээ давхар баярын мэндийг өргөн дэвшүүлж байна.

          Сэлэнгэ аймагт Биеийн тамир, спортын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа нь өнгөрсөн жилүүдийн хугацаанд хийсэн хичээл зүтгэлийнхээ үр шим, амжилт ололтыг хэлэлцэж, ахмад тамирчид нь хүүхэд залуучууддаа үлгэр дууриалал болж, цаашдын үйл хэргээ өвлөн залгамжлуулах ач холбогдолтой баярт үйл явдал юм.

          Энэ сайхан баярын өдөр Та бүхнийхээ спортын их үйлсэд өндөр амжилтыг хүсэж, Сэлэнгэ түмнийхээ нэрийг спортын алдрын тавцнаа үргэлж дуурсгаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН  ГИШҮҮН  ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ