МЭНДЧИЛГЭЭ

Тив, дэлхийн тавцанд нэр алдраа цуурайтуулан Сэлэнгэ нутгаараа овоглож, нутгийн зон олон биднийгээ үргэлж омогшуулж, бахдуулж байдаг эрхэм хүндэт алдрын эзэд болох биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлага, ажилтан албан хаагчид, тамирчид, багш, дасгалжуулагчид, ахмадууд, спортыг хөгжөөн дэмжигч, сонирхогчид та бүхэндээ Сэлэнгэ аймагт Биеийн тамир, спортын байгууллага үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойн халуун мэндийг хувиасаа болон Сэлэнгэ түмнийхээ нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж байна.

Нийтийн биеийн тамир, спорт нь хүн амын эрүүл мэндийг сайжруулж, дундаж наслалтыг уртасгаад зогсохгүй бидний ирээдүй болсон өсвөр үе, хүүхэд залуучуудыг маань тэсвэр, хатуужилтай болгож, эр зориг гаргах төлөвшлийг бий болгодог учир аймгийн удирдлагын баг бүрэн эрхийнхээ хугацаанд Биеийн тамир, спортын салбарт ихээхэн ач холдогдол өгч, тухай бүрт нь дэмжин ажиллаж байна.

Дасгалжуулагч, тамирчид маань ихийг хийж бүтээх чин сэтгэлээр бэлтгэл сургуулилтаа чанаржуулан, өөрсдийн хүчин чармайлт, нөөц болоцоогоо шавхаж, Улс, Тив, Дэлхийн чанартай тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж байгаа төдийгүй 2017 оны байдлаар Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч 8, Олон Улсын хэмжээний мастер 26, Спортын мастер 252, Дэд мастер 191, Спортын зэрэгтэй тамирчин 14589 төрөн гарсан нь нутгийн ард иргэд, аймгийн удирдлагууд бидэндээ 70 жилийн ойн босгон дээр барьж буй мялаалга гэж бэлэгшээн талархал илэрхийлье.

Спортоор овоглож, спорттой ажил амьдралаа холбосон хэн бүхэнд Чөлөөт бөхийн Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт Дугарсүрэнгийн Оюунболд агсаныхаа гавьяаг түүчээлэн спортын амжилтын луужин алдрын оргилыг ямагт зааж, Сэлэнгэ нутгийн минь үрс Олимпийн тэнгэрт Монгол Улсынхаа Төрийн далбааг мандуулан, Төрийн дууллаа эгшиглүүлэх ерөөлийг өргөн дэвшүүлье.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА  Ш.ОРГИЛ