СЭЛЭНГЭ АЙМАГТ БИЕИЙН ТАМИР СПОРТЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 70 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛЛОО

Сэлэнгэ аймагт Биеийн тамир спортын байгууллага үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээ өнгөрөгч амралтын өдөр буюу 11-р сарын 25-ны өдөр өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газар нь анх 1947 онд Хөдөлмөрчдийн Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дэргэдэх Биеийн тамир спортын хороо нэртэйгээр батламжлагдан тухайн үеийн аймгийн дарга Жамьяансүрэнгийн шийдвэрээр анхны даргаар хэрэглэлийн гимнастикийн улсын чимпион А.Осор ажиллаж эхэлсэн байдаг.

Үүнээс өмнө Ардын засгийн анхны наадамд Д.Дамдин түрүүлж байсан бол Ардын хувьсгалын 12 жилийн ой буюу 1933 онд Боохой Данзан арслан түрүүлж байсан түүхтэй. Төр нийгмийн зүтгэлтэн, улсын мэргэн асан Г.Бумцэнд ардын хувьсгалын баяр наадмаар тухайн үед 36 сумнаас 31 онон түрүүлж, улсын мэргэн цол хүртэж байсан байна.

Ардын хувьсгалын анхны наадамд түрүүлсэн Д.Дамдин, Боохой Данзан, улсын рекорд цол хүртсэн С.Бавуу, С.Бүдрагчаа, Н.Очир, А.Осор, Ж.Дэмчиг, Монгол Улсын сурган хүмүүжүүлэх ухааны доктор профессор Га.Цэрэндорж, Монгол Улсын гавъяат тамирчин дасгалжуулагч Д.Оюунболд, Т.Үйтүмэн, Ч.Мөнхцэцэг, Д.Эрдэнэбат, Г.Дэмбэрэлсайхан, Д.Баттулга, Д.Очбадрал, Олимпийн наадамд оролцсон Л.Дашдэмбэрэл, Н.Базарсүрэн, Олон улсын шүүгч Н.Шагдар, МУ-ын аварга Р.Эрхэмбаяр, Улсын заан Н.Жаргалбаяр, ОХУ-ын Буриад Улсын спортын гавъяат ажилтан Д.Чойжамц, С.Батсүх, Б.Баттулга, Да.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, Г.Ганхуяг, Д.Тэрбиш нарын олон үлгэр дууриал болсон ахмад тамирчид, тэднээс залгамжлах тамирчид энэ оны байдлаар ОУХ-ний мастер 26, Спортын мастер 256 төрөн гараад байна. 2000 оноос хойш зэрэг цолтой тамирчид 4370, Улсын аварга болон тив, дэлхийн  аварга шалгаруулах тэмцээнээс 970 медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна. 

Өнөөдөр аймгийн хэмжээнд спортын ордон 1, спортын цогцолбор 9, спортын заал 43, чийрэгжүүлэх танхим 8 ажиллаж байна. 70 жилийн түүхэн замналтай тус байгууллагын анхны даргаар хэрэглэлийн гимнастикийн улсын чимпион А.Осор, 1960-1961 онд Д.Дашзэвэг, 1961-1962 онд Л.Түвдэндагва, 1962-1963 онд Ц.Лочинсүрэн, 1963-1964 онд Н.Бямбасүрэн, 1964-1990 он хүртэл буюу Монгол Улсад БТС-ын байгууллагад хамгийн олон жил ажилласан Д.Чойжамц, 1990 оноос хөл бөмбөгийн спортын мастер О.Цогт, 1999 онд хөнгөн атлетикийн спортын мастер Ч.Сүхбаатар, 2000 онд дугуйн спортын мастер Д.Эрдэнэбат нар ажиллаж байсан бол 2004 оноос боксын спортын мастер Б.Баттулга ажиллаж байна.

Сэлэнгэ аймагт Биеийн тамир спортын байгууллага үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээ 2017 оны 11-р сарын 25-ны амралтын өдөр боллоо. Албан ёсны нээтийн үйл ажиллагааны эхэнд зочид төлөөлөгчид МУГТ Д.Оюунболд агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Оргил оролцож хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, тамирчид, дасгалжуулагчдад баярын мэндчилгээ дэвшүүлж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим хүмүүсийг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнасныг гардуулан өглөө. Ойн арга хэмжээнд зориулсан үндэсний бөхийн барилдаанд МУ-ын аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй Сэлэнгэ аймгийн “Таван хан” бөхийн дэвжээний бөхчүүд хүрэлцэн ирж барилдан МУ-ын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын харцага Б.Одгэрэл үзүүрлэлээ. Шөвгийн 4-т аймгийн арслан Баярбаатар, аймгийн заан Эрдэнэбаяр нар үлдэв.