СЭЛЭНГЭЧҮҮД АЛДАРТ БӨХӨӨ МӨНХЖҮҮЛЛЭЭ
Өнөөдөр Сэлэнгэ нутгийн бахархал Д.Оюунболд агсны тухай шинэ номын нээлт болж, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Сэлэнгэ аймгийн “Барселон” олимпийн зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон Оюунболд агсны  гэр бүл, найз нөхөд оролцлоо. Энэ үеэр зочид алдарт тамирчны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Ийнхүү Сэлэнгэчүүд “Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ний хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит Олон улсын тэмцээний хүрэл, Тбилисигийн Олон улсын тэмцээний мөнгөн медальт, “Интернациональ” Олон улсын тэмцээний долоо, Найрамдалт армиудын тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчныхаа  тухай “Монголоо дуурсгасан алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд” хэмээх шинэхэн номыг бүтээн алдарт тамирчнаа мөнхжүүллээ. Энэхүү номыг Сэлэнгэ аймгийн “Барселон” олимпийн зөвлөлийн санаачлагаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил,  Д.Оюунболд агсны найз н.Төрмөнх нарын дэмжлэгтэйгээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Товуугийн Доржсүрэн бүтээжээ. 412 хуудастай тус номонд маш олон хүний дурсамж орсон байна. Номын цагаан буян хурах болтугай.