АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СПОРТЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр аймгийн Засаг даргын нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээн нээлтээ хийлээ. Төрийн албан хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирыг дэлгэрүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээн энэ жил 2 үе шаттайгаар зохион байгуулагдах болсноороо онцлогтой. Тэмцээний 1-р шат болох аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төмөр зам, банк, хилийн цэргийн ангиудын ажилтан албан хаагчдын дунд зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн  тэмцээнд нийт 500 гаруй төрийн албан хаагчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Волейбол, сагс, шатар, теннис, олс таталтын төрлүүдээр явагдаж  байгаа нэрэмжит тэмцээн энэ сарын 08-ний өдөр шилдгүүдээ тодруулна. Тэмцээний нээлтийн үеэр ажил спорт хоёрыг хослуулан олон жилийн хүч хөдөлмөрөө шингээж яваа спортын мастер зэрэг цолтой төрийн албан хаагчдад аймгийн Засаг даргаас хүндэтгэл үзүүллээ.