ӨӨДӨӨ ХИЙМОРЬТОЙ СЭЛЭНГЭ НУТГИЙН НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР САЙХАН ЭХЭЛЛЭЭ

Ардын хувьсгалын ялалтын уухайтай, амуу будааны асгарсан шаргиатай, эх орны дархан хойд хил өөдөө хийморьтой Сэлэнгэ нутгийн наадам өргөн дэлгэр сайхан эхэллээ. Өнгийн цэцэгс шиг алаглах наадамчин олноороо гоёж өнгө нэмсэн цэнгэлдэх хүрээлэнд аймгийн Засаг дарга Ш.Оргил баяр наадмын үйл ажиллагааг албан ёсоор нээлээ.

Цэргийн хүрээний байгууллагуудын ёслолын парад сүр жавхаагаа гайхуулан, 17 сумын төлөөлөл, аймгийн хүчит бөхчүүд, алдарт уяачид, эрхий мэргэн харваачид, шагайчид, өсвөрийн тамирчид наадамчин олонтойгоо мэндчилэн баярын үйл ажиллагааг чимлээ. Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтоо үзүүлж, Монгол Улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүчийг үзэн барилдаж байна.

Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор ая дуугаа өргөн наадамчин олныг баясгалаа. Сум, тосгод тус бүртээ гэр,майхан, асар барьж орон нутгаа сурталчлан наадамчин олонтойгоо мэндчилж байна. Хурдан морины уралдаан, сурын харваа, хуушуурын гэр, хүүхдийн тоглоом гээд наадамчин олны сонирхолыг татах бүхэн төв цэнгэлдэхийг тойроод бүгд байрлажээ. 


Хөдөлмөрч, бүтээлч нутгийн зон олон та бүхэн минь өргөн дэлгэр сайхан наадаарай.