СУМДЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн албан хаагчдын дунд зохион байгуулагдаж байгаа спортын нөхөрсөг тэмцээн эхэллээ.

Тэмцээнийг аймгийн Засаг дарга Ш.Оргил нээж тамирчдад амжилт хүслээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, баг тамирчид оролцлоо.


Энэхүү тэмцээний зорилго Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 05 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын уялдаа холбоо хамтын ажиллагааг сайжруулахад оршиж байна.


Сэлэнгэ аймгийн 17 сумын төрийн албан хаагчид сагс, волейбол, ширээний теннис, олс таталт, шатар, усан спорт, ажлын байрны дасгал гэсэн спортын 7 төрлөөр авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөнө. Энэ жилийн тэмцээнд усан спорт, ажлын байрны дасгал гэсэн 2 төрөл нэмэгдэж орсон нь онцлог юм.


Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нөхөрсөг тэмцээний аваргууд энэ сарын 10-ны өдөр тодорно.