АРСЛАН, ЗААН ЦОЛТОНТОЙ АЙМГИЙН БАЯР НААДАМ

Ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ нутгийнхан ардын хувьсгалын 99 жил, Сэлэнгэ аймгийн 89 жилийн ойн наадмаа цомхон байдалд тэмдэглэн өнгөрүүллээ. Учир нь цар тахлын аюул дэлхийд нүүрлэсэн үед болж буй юм. Иймээс өмнөх жилүүдээсээ илүү дэг журамтай, зохион байгуулалтайгаар наадлаа. 

Сэлэнгэ аймгийн баяр наадамд 128 бөх онлайнаар урьдчилан бүртгүүлж,  улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, улсын начин Ш.Зоригт, улсын начин Ч.Мөнхтогтох, улсын начин Б.Дэлгэрсайхан, аймгийн хурц арслан Ж.Ганзориг, аймгийн хурц арслан Б.Бямбаа, аймгийн арслан Э.Саранбаатар, Э.Эрдэнэцогт, Б.Галбадрах, н.Уугандаваа нарын хүчтнүүд  зодоглолоо.

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхөөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, аймгийн заан Д.Төрболд  шалгарч аймгийн арслан цол, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн начин Э.Бат-Эрдэнэ үзүүрлэн аймгийн заан цолтон боллоо. Харин энэ жилийн наадмаас начин, харцага цолтонгууд төрсөнгүй.

Монгол бөхийн түүхэнд Сэлэнгэ нутгаас даншгийн аварга гурав, Монгол Улсын аварга нэг, даншгийн арслан 15, Монгол Улсын арслан нэг, даншгийн заан зургаа, Монгол Улсын заан долоо, даншгийн начин зургаа, Монгол Улсын начин 42, Монгол Улсын харцага цолтон гурав төрсөн байдаг байна. 

Баяр наадмын Үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харваач Хилийн 0101-р ангийн тамирчин П.Чулуун-Эрдэнэ түрүүллээ. Эмэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Хилийн 0101-р ангийн тамирчин харваач Б.Өлзийбаяр түүний эхнэр юм. Одтой азтай наадсан гэр бүлийн хосууд наадмын энэ өдрөө Үндэсний сурын аймгийн мэргэн цолыг нэгэн захирамжийн дор хүртлээ. Аймгийн наадмын сурын талбайг эзэгнэсэн мэргэн хос мөн л буриад сурын эрэгтэй, эмэгтэй харваанд түрүүлж, буриад сурын аймгийн мэргэн цолыг тус тус хүртэн цэц мэргээрээ үзэгч олноо гайхашрууллаа. Үндэсний сурын харваанд дэд байр эзэлсэн Улаанбаатар төмөр замын сектор “Бүжинхэн” цэцэрлэгийн тамирчин, харваач Р.Оюунцэцэг аймгийн гарамгай харваач, гутгаар байр эзэлсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харваач Б.Хосшагай аймгийн гоц харваач цол тус тус хүртлээ.  

Урианхай сурын харваанд түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, “Говь-Эрдэнэ” ХХК, “Мэргэн зав” клубын харваач Т.Уламбаяр урианхай сумын аймгийн мэргэн цол хүртлээ.