ШАГАЙН ХАРВААН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

Сэлэнгэ аймаг дэлхийн биет бус өвд бүртгэгдсэн, үндэсний спортын нэгэн төрөл шагайн харвааны өв соёлыг хойч үе хүүхэд залуучууддаа түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээж хөгжүүлэх бодлогын хүрээнд Шагайн харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулж хэвшээд байна. 2020 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн аймгийн Спортын ордонд зохион байгуулагдаж байна.

Сэлэнгэ аймгийн харваачид Улсын аварга, Үндэсний их баяр наадам, Үндэсний спортын их наадмуудаас 13 түрүү авсан бахдам амжилтыг үзүүлээд байгаа билээ. 
Шагайн харваан үед элдэв хүндлэлгүй хэл яриа, архи дарсыг цээрлэдэг уламжлалтай төдийгүй ахас дээдсээ хүндлэх, ах дүүсийн барилдлагатай болох, уул усаа баясгах гээд олон сайхан чанаруудыг харваачид энэхүү спортоосоо суралцан үе дамжуулан сургадаг байна.