ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
Өөдөө заяатай өргөн Сэлэнгэ нутгийнхаа нийт багш, оюутан, сурагч, эцэг эхчүүд Та бүхнийхээ амар мэндийг эрж, хүчирхэг Монголын ирээдүй болсон цог жавхаа дүүрэн иргэдийг бэлтгэн гаргах хамтын их үйлсэд амжилтын дээдийг хүсч мэндчилье.
2022-2023 оны хичээлийн жилд манай аймгийн ерөнхий боловсролын сургуульд 22800 гаруй сурагчид суралцах бол 2368 бяцхан үрс маань эрдмийн их танхимд хөл тавьж 1 дүгээр ангид элсэн орж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох цэцэрлэгт 7100 хүүхэд хамрагдана.
Сэлэнгэ аймгийн боловсролын салбар 2022-2023 оны шинэ хичээлийн жилд "ХҮҮХДИЙН БОЛОН БАГШИЙН БҮХ ТАЛЫН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ" зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд:
Суралцагчдыг сургууль, цэцэрлэгтээ айдасгүй, амар тайван суралцаж, суралцахуйн хоцрогдолгүйгээр эрүүл, аюулгүй, тэгш хүртээмжтэй орчинд сурч хөгжих боломжийг бүрдүүлж, "Чадварлаг багш" "Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж" арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх,
Сургалтын байгууллагын болон багшийн ажлын гүйцэтгэлд суурилан тасралтгүй хөгжих олон хэлбэрт сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж, менежментийг сайжруулах,
Багш, ажилтан бүр ёс зүйн хэм хэмжээ шаардлагыг мөрдөж, төсвийг төлөвлөх, үр ашигтай зарцуулахад идэвх санаачлагатай оролцох,
Ахлах ангийн суралцагч технологийн дэвшлийг ашиглан орон зайнаас үл хамааран хичээлээ сонгон судлах тэгш боломжийг хангаж, багш бүр ээлжит хичээлийн цахим контентын санг бүрдүүлэхэд оролцох, бүтээлчээр ашиглах,
Мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааг өргөжүүлж, зөвлөх, тэргүүлэх багшийн манлайлал, үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана.
Аймгийн Засаг даргын зүгээс төрөлжсөн хичээлийн олимпиад, улсын уралдаан тэмцээн, урлаг соёлын амжилт гаргасан багш, сурагчдыг тухай бүрд нь урамшуулж алдаршуулсаар ирлээ. Сургалтын үйл ажиллагааг бүхий л хэлбэрээр дэмжин ажиллаж байна.
2016 оноос өнөөдрийг хүртэлх 6 жилийн хугацаанд элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан 16 сурагч, 13 багшид тухай бүр мөнгөн дэмжлэгийг олгож сургах, сурах үйл ажиллагааг нь урамшууллаа. Энэ дэмжлэг цаашид ч үргэлжлэх болно.
Сурган хүмүүжүүлэх, сурч мэдэх эрдмийн их аян гэгээн тунгалаг байг ээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.ЛХАГВАДОРЖ