СЭЛЭНГЭ НУТГИЙН ТҮҮХЭНД 3 ДАХЬ УЛСЫН АРСЛАН ЦОЛТОН ТӨРЛӨӨ

Ардын хувьсгалын түүхт 100, 101, жилийн ойн үндэсний их баяр наадмаар Ардын хувьсгалын өлгий, амуу тарианы эх нутаг Сэлэнгэ аймгаас Монгол Улсын арслан цолтон төрлөө.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Алдар спорт хороо, "Таван хан" дэвжээ, "Атар трейд" ХХК-ийн бөх Баярсайханы Орхонбаяр 24 насандаа улсынхаа баяр наадамд ес даван үзүүрлэж, Монгол Улсын Арслан боллоо. Сэлэнгэ нутгийн түүхэнд Боохой хэмээх Данзан арслангаас хойш 88 жилийн дараа, Г.Эрхэмбаяр аварга арслан авсан байдаг. Үүнээс хойш 11 жилийн дараа Сэлэнгэ нутгаас дахин улсын арслан цолтон төрлөө. Бөх сонирхогчдын хэлбуйгаар Сэлэнгэ нутаг Ардын хувьсгалын 90, 100 жилийн түүхт тэгш ойнуудад дараалан улсын наадмаас үзүүр хүртэж байгаа юм. Тодруулбал 1933 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат Дамдинсүрэнгийн Данзан /Боохой/ үзүүрлэж, Улсын арслан, 2011 онд Мандал сумын харъяат Гунаажавын Эрхэмбаяр үзүүрлэж, Улсын арслан, 2022 онд Цагааннуур сумын харъяат Баярсайханы Орхонбаяр үзүүрлэж, Улсын арслан цол хүртлээ.