Сэлэнгэчүүд нэрт бөхдөө хүрэл хөшөө босгов

Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын ордны урд талбайд Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны дурсгалд зориулж, үйл хэрэг алдар гавъяаг нь хойч үедээ мөнхжүүлэн үлдээх зорилгоор дурсгалын хөшөөг нь сүндэрлүүллээ.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын санаачилга, аймгийн хөрөнгөөр босгосон хөшөөний нээлтийн ёслолд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Баярцогт болон Д.Оюунболд агсны гэр бүл, Монголын Олимпын хороо, Монголын чөлөөт бөхийн холбоо, чөлөөт бөхийн үе үеийн төлөөлөл, “Хангай” клубын шавь нар нь оролцсон юм.

 


 

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Д.Оюунболд агсны тив дэлхий, олимпын тавцанд гаргаж байсан амжилт, ялалт, мөн эгэл жирийн аав, ахын хувьд үр хүүхэд, дүү нартаа хэрхэн үлгэрлэж явсан дурсамжийг түүний дүү Д.Оюунбаатар, охин О.Удвалжаргал нар нь дурссан. Өнөөдөр нэрт тамирчны үр хүүхдүүд нь түүний үйл хэргийг нь залгамжлан “Д.Оюунболдын үйл хэргийг залгамжлах сан” байгуулан ажиллаж байгаа гэлээ.

 

Энэхүү хөшөөний нээлтийн ёслолтой хамтатган түүний шавь, найз нөхдийн санаачлага, Монголын чөлөөт бөхийн холбоо, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газар, бөхийн “Хангай” клубын дэмжлэгээр Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээнийг зохион байгууллаа. Гавьяат тамирчин Д.Оюунболдын тив дэлхий, олимпын дэвжээнд гаргасан амжилтыг алдаршуулж, чөлөөт бөхийн шилдэг тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, залгамж халааг бэлтгэх, тэмцээний туршлага суулгах, дасгалжуулагчийн ур чадварыг үнэлэх зорилгоор зохион байгуулж буй тус тэмцээнд Монгол Улсын чөлөөт бөхийн шилдэг тамирчид, ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны баг тамирчид оролцлоо. Тамирчид эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр жинд тус тус өрсөлдөж, хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм.