Сургалт зохион байгуулж гэрчилгээ олгоно
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль Монгол Улсын Их хурлаар батлагдаж, 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага стандарт, “Хүүхэд харагчийг бэлтгэх” сургалтын жишиг хөтөлбөр, “Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах журам” зэрэг нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/151, А/152 дугаар тушаалаар тус тус албажсан байна. Манай аймгийн хэмжээнд төрийн 32, хувийн хэвшлийн 3, сувиллын 1 нийт 36 цэцэрлэгт 7394 хүүхэд хамрагдаж СӨБ-ын хамран сургалт 91.8 хувьтай, цэцэрлэгийн хамран сургалт 82.3 хувьд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар ахисан хэдий ч цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 1482 хүүхэд байгаа юм. Сэлэнгэ аймагт хүүхэд харах үйлчилгээг эрхлэх хүсэлт гаргасан 154 иргэн, Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах шаардлагатай 1147 хүүхэд бүртгэгдсэн байна. Цагааннуур суманд Хүүхэд харах үйлчилгээнд нийт 297 хүүхэд бүртгэгдсэн нь хамгийн олон хүүхэд хамрагдах хүсэлтэй байгаа ажээ. Мөн аймгийн хэмжээнд 0-18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй 375 хүүхэд бүртгэлтэй байдаг ба эдгээр хүүхдүүд нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжтой.
 
 
Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь тус хуулийн 6.4-д заасан баримт бичиг, материалыг бүрдүүлэн хүсэлт гаргасан иргэнийг 2016 оны 01 сарын 20-23-ний хооронд сургалт зохион байгуулж гэрчилгээ олгох юм байна.