Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бид хамтдаа” өдөрлөг
Дэлхий нийтээр жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэхүү өдрийг НҮБ-аас 2014 онд “Тогтвортой хөгжил-Техникийн оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан юм. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагатай хамтран “Бид хамтдаа” сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
 
Өдөрлөгийн хүрээнд хууль сурталчлан таниулах ажлын хүрээнд: -Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль, хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг сурталчлан таниулж, Нийгмийн даатгалын хэлтсээс Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм, үйл ажиллагааг танилцуулж, Хөдөлмөрийн хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, төсөл хөтөлбөрт хамруулах талаар, Боловсролын газар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, эрхийн талаар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хүүхдийн хөгжлийн талаар төрөөс баримтлаж буй бодлого, чиглэлийн талаар, Онцгой байдлын газар гал түймрийн эрсдэлээс хамгаалах, галын багаж, зэвсэглэмжийг зөв хэрэглэх талаар, Эрүүл мэндийн газраас өөртөө болон бусдад үзүүлэх анхан шатны тусламжийн талаар, Дэлхийн зөн олон улсын байгууллага хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр болон үйл ажиллагааныхаа талаар тус тус мэдээлэл хийж, өрхийн эмч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзлэг хийн зөвөлгөө өгч, жин өндрийг үзэн биеийн жингийн индексийг тодорхойллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлын хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр саналыг нэгтгээд байна.
 
Спортын арга хэмжээний хүрээнд: 
-Гар бөмбөг, теннис, даам, шатарын тэмцээнийг зохион байгууллаа. Багийн дүнгээр Энэрэл баг тэргүүлж цом, алтан медал, өргөмжлөл, мөнгөн шагнал, удаах байрт Итгэл, Цоглог багууд шалгарлаа.
 
Урлагийн арга хэмжээний хүрээнд:
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн авьяас, ур чадварыг харуулсан урлагийн тоглолтын /дуу, бүжиг/ үзүүлбэрийг амжилттай үзүүлсэн нь эрүүл энгийн иргэдээс дутахааргүй авьяас, чадвартай болохоо нотлон харуулсан арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээний үеэр зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй орон гэргүй иргэн болох Баярсүрэн, Жаргалнэмэх нарт нийгмийн халамжийн сангаас тус бүр 1,200,000 төгрөгний гэр олгох батламж, Инчеоны азийн наадамд амжилттай оролцож хүрэл медал хүртсэн З.Хосбаярт 5,520,000 төгрөгний батламж гардуулж, хараагүй хүний таяг, энгийн таяг зэрэг тусгай хэрэгслүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өглөө.