Аймгийн шилдэг гэр бүлүүд тодорлоо
“Гэр бүлийг дэмжих жил”-ийн нээлтийн үйл ажиллагааг манай аймаг “Гэр бүлийн үнэ цэнэ” аймгийн зөвлөгөөнөөр эхлүүллээ. Олон улсын “Гэр бүлийн өдөр”-өөр зохион байгуулсан тус арга хэмжээг аймгийн ЗДТГ, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хэлтэс, Дэлхийн зөн ОУБ-ын Сэлэнгэ салбар хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд оролцогчдод зориулан Улаанбаатар хотын “Зөв амьдралын хөтөч” ТББ-ын лектор Ц.Төгөлдөр уригдан ирж лекц уншсан.
 
Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжил болон хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд гэр бүлүүдийн аймаг, сум, орон нутгийнхаа хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэх, нийтэд сурталчлах, амьдралын зөв хэв маягийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор зохион байгуулагдсан “Гэр бүлийн үнэ цэнэ” аймгийн зөвлөгөөний үеэр аймгийн шилдэг гэр бүлүүдийг шалгаруулах ёслолйн үйл ажиллагаа боллоо.
 
Аймгийн шилдэг “Тариаланч гэр бүл”-ээр Орхон сумын иргэн Д.Төмөрбаатар, Цагааннуур сумын иргэн Ч.Содном нарын гэр бүл, шилдэг “Өрхийн үйлдвэрлэгч гэр бүл”-ээр Цагааннуур сумын иргэн Ч.Шинэбилэг, Алтанбулаг сумын иргэн С.Жамсран нарын гэр бүл, шилдэг “Бүтээлч гэр бүл”-ээр Шаамар сумын Дулаанхаан тосгоны иргэн З.Баатарын гэр бүл, шилдэг “Авьяаслаг гэр бүл”-ээр Ерөө сумын иргэн Б.Ганболдын гэр бүл, шилдэг “Тамирчин гэр бүл”-ээр Шаамар сумын иргэн М.Жамбалын гэр бүл, шилдэг “Оюунлаг гэр бүл”-ээр Сант сумын иргэн А.Аюурзаны гэр бүл, шилдэг “Эрүүл мэндийг дэмжигч гэр бүл”-ээр Алтанбулаг сумын иргэн Ц.Одхүүгийн гэр бүл, шилдэг “Энэрэнгүй гэр бүл”-ээр Мандал сумын Түнхэл тосгоны иргэн Д.Ганболдын гэр бүл, шилдэг “Өнөр гэр бүл”-ээр Мандал сумын Хэрх тосгоны иргэн Я.Цэндээхүүгийн гэр бүл тус тус шалгарлаа.