Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал
Аялал жуулчлалыг  хөгжүүлэх зорилго бүхий “Аймгийн нээлтэй байдлын хөтөлбөр”-ийг боловсруулж 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
 
Аймгийн хэмжээнд амралтын болон аялал жуулчлалын 14 аж ахуйн нэгж, 400-гаад жуулчид хүлээн авах чадал бүхий  41 зочид буудал үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2006 онд Зүүнхараагийн Спирт, Бал Бурам ХК, Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн сувиллын газрууд, “Хонд“ амралтын газарт хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааг нь сэргээн, Баруунбүрэн суманд “Сэлэнгэ өргөө“ жуулчны бааз, Мандал суманд “Ноён тур“ жуулчны бааз, Алтанбулаг суманд “Алтан од“ жуулчны бааз, Сүхбаатар суманд “Хан оргил“ амралтын газрууд тус тус шинээр нээгдэн үйл ажиллагаа эрхэлж байна.
 
Аймгийн хэмжээний аялал жуулчлалын нөөцийн судалгаа хийж байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудын судалгааг 17 сум тус бүрээр гарган нэгтгэж байгалийн үзэсгэлэнт газар 43, түүх соёлын дурсгалт газар 84, эмчилгээ, сувилгааны рашаан, эмийн ховор ургамалтай газар 11 байгааг тус тус тогтоогоод байна.
 
Байгалийн үзэсгэлэнт болон, түүхийн дурсгалт газраар аялан спорт агнуур, Сэлэнгэ мөрөн болон Орхон голоор дамжин Сүхбаатар орчмын Орхон- Сэлэнгийн бэлчир орох усан замын аяллыг зохион байгуулах, төмөр замын аялал хийх бүрэн боломжтой юм.
 
Унаган төрхөөрөө буй байгалийн үзэсгэлэнт болон агнуурын нөөцтэй газрууд, олон ястан, үндэстний түүх, соёл, ахуй амьдралын өвөрмөц хэв маяг, ёс заншлын харилцан шүтэлцээг судлах, сурталчлах чиглэлээр аялал жуулчлалын салбарыг аймгийнхаа бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэн эрчимтэй хөгжүүлэх өргөн боломжийг бүрэн ашиглах зорилгоор дараахь бодлого зорилтыг дэвшүүлж байна.