АЙМГИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА

Аймгийн ИТХ-ын YIII хуралдаан энэ сарын 1-ний өдөр болж, аймгийн 2018 оны төсвийн төслийг хэлэлцэн, 2018 оны төсвийн орлогыг 71 тэрбум, зарлагыг 71 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа. Сэлэнгэ аймгийн 2018 оны төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн сахилга батыг хангахад анхаарч төсвийн орлогыг бодитой байх, зарлагыг хуульд нийцсэн байх, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахуйц байх зорилгын хүрээнд Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу боловсруулжээ. Ирэх 2018 оны аймгийн төсвийн суурь орлого 16.1 тэрбум төгрөг буюу урьд оноос 1.7 тэрбум төгрөгөөр нэмж батлагдлаа. Энд 0.9 тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлого шинээр төлөвлөгдөж, 0.8 тэрбум төгрөгөөр бусад орлогыг нэмэгдүүлэн төлөвлөсөнтэй холбоотой ажээ.
Тухайлбал 2018 онд аймаг бүрт “Хадгаламжийн хүүгийн орлого”-ыг Монголбанкны тоон мэдээлэлд үндэслэн шинээр нэмж төсөвлөсөн байна. Сэлэнгэ аймгийн хувьд уг орлогыг 916.8 сая төгрөг байхаар хянажээ. Тус аймагт 6 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Сүхбаатар суманд 5, Мандал суманд 4, Сайхан суманд хоёр байгаа юм. Банкууд нь хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод албан татвар ногдуулж сумын төсвийн орлогод төвлөрүүлэн ажилладаг байна. Үүнээс 2017 оны 10 дугаар сарын байдлаар 212.5 сая төгрөг төвлөрүүлжээ. Иймээс Монголбанкнаас Статистикийн мэдээнд мэдээлсэн иргэдийн мөнгөн хадгаламжийн тоон үзүүлэлтэнд үндэслэн 2017 онд 1734.5 сая төгрөг орохоор тооцоолол гарч байгаа учраас уг орлогыг орох бүрэн боломжтой гэж үзжээ.  
2018 онд цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, үл хөдлөх эд хөрөнгийн орлогын албан татвар, бууны албан татвар, Улсын тэмдэгтийн хураамж, хог хаягдлын хураамжийн орлого, ойн нөөц, ус рашаан, байгалийн ургамал ашигласны төлбөрийн орлого, хүү торгуулийн орлого, нэр зааж ангилагдаагүй бусад орлогууд тус тус нэмэгдэн батлагджээ. Мөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хувьд урьд оноос 194.3 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Цаашид уг орлогыг төвлөрүүлэхийн тулд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар болон Татварын хэлтсийн бүртгэлийг сайжруулах, мэдээллийн зөрүүг арилгах замаар нэмэгдүүлэх боломжтой ажээ.
Түүнчлэн Засгийн газраас зарлагын талаар баримталж буй зарчим байгууллагуудаас ирүүлсэн санал дүгнэлт, зардлуудын хуульд нийцэх боломж нөхцлийг эрэлхийлэн 2018 оны төсвийн зарлагын төслийг боловсруулсан байна. Мөн орон нутгийн  хөрөнгө  оруулалтыг  дэмжих  чиглэлээр  орон  нутгийн  хөгжлийн  нэгдсэн сангаас  олгох  орлогын  шилжүүлэг болон  орон  нутгийн  чиг  үүрэгт  хамааралтай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг ч нэмэгдүүлсэн байна. Эдийн  засаг,  төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгааг харгалзан 2013 оноос хойш анх удаа улсын хэмжээнд нийт 59.0 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардлын  дэмжлэгийг  орон  нутгийн  суурь зардалд тусгаж баталжээ.