ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 11 ДЭХ УДААГИЙН ТООЛЛОГЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Өнөөдөр улс орон даяар хүн ам, орон сууцны 11 дэх удаагийн тооллого эхэлж байна. Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын мэдээлэл цуглуулалтыг энэ сарын 9-нөөс 15-ны өдрийн 22:00 цаг хүртэл явуулна.
Манай аймгийн хэмжээнд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын мэдээллийг цуглуулахаар 68 тоологч, 19 шалгагч ажиллаж байна. Энэ удаагийн тооллого бүртгэлд суурилсан болон уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж байгаагаараа онцлогтой.
Өнөөдөр өглөө уламжлалт буюу тоологч асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах тооллогын ажил Сүхбаатар сумын түүвэрт сонгогдсон өндөр настан Намжилын Доржсүрэн гуайнхаас эхэллээ. Тооллогын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Статистикийн хэлтсийн дарга Д.Гүндэгмаа, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, сумын Засаг даргын орлогч Б. Отгонзаяа нар албан ёсоор эхлүүлж, өдгөө 85 нас сүүдрийг зооглож буй Н.Доржсүрэн гуай гэргий С.Норжмаагийн хамт Хүн ам, орон сууцны тооллогодоо хамрагдлаа.


Аймгийн хэмжээнд бэлтгэгдсэн тоологч нар сонгогдсон өрхөд очиж үнэмлэхээ үзүүлэн тооллогын мэдээллийг цуглуулна. Иймд иргэд та бүхэн хуулийн дагуу иргэний үүргээ биелүүлж, тооллогоор очиж байгаа тоологчийг гэртээ нэвтрүүлэн, тооллогын асуулгад үнэн зөв мэдээлэл өгч иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Тооллого явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой.