Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа. Тус ажлын хэсгийн гол зорилго Сэлэнгэ аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, онцгой комисст заавар зөвлөгөө өгөх, тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэхэд оршиж байв. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, ХХААЯ-ны дэд сайд Ж.Сауели, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Н.Энх-Амар, Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр, Л.Алтангэрэл, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарын албаны хүмүүс багтаж байлаа. Баг бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил тэргүүтэй аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн хүлээн авч, Мандал, Баянгол, Сүхбаатар, Зүүнбүрэн, Цагааннуур сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцууллаа. Улсын нөөцөөс манай аймагт 320 тонн өвсийг үнэ төлбөргүй, 240 тонн тэжээлийг 50 хувиар хямдруулан олгоод байна. Тус өвс, тэжээлийг аймгийн хэмжээнд өвөлжилт илүү хүндэрсэн Алтанбулаг суманд 20 тн өвс, 10 тн тэжээл, Баянгол суманд 40 тн өвс, 30 тн тэжээл, Ерөө суманд 20 тн өвс, 20 тн тэжээл, Зүүнбүрэн суманд 30 тн өвс, 20 тн тэжээл, Жавхлант суманд 20 тн өвс, 10 тн тэжээл, Мандал суманд 40 тн өвс, 20 тн тэжээл, Орхонтуул суманд 20 тн өвс, 20 тн тэжээл, Хүдэр суманд 30 тн өвс, 20 тн тэжээл, Хушаат суманд 20 тн өвс, 20 тн тэжээл, Шаамар суманд 20 тн өвс, 20 тн тэжээл, Түшиг суманд 20 тн өвс, 20 тн тэжээл, Цагааннуур суманд 40 тн өвс, 30 тн тэжээлийг хуваарилан олгохоор шийдвэрлэлээ. Мөн улсын нөөцийн сангаас олгож байгаа малын эм, биобэлдмэлийг Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Жавхлант, Мандал, Хүдэр, Хушаат, Шаамар, Түшиг, Цагааннуур сумдад олгохоор боллоо.
 
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх сумдын онцгой комисст:
 
-Засгийн газраас олгож байгаа өвс, тэжээл, хүмүүнлэгийн тусламжийн барааг нэн шаардлагатай өрхүүдэд хүргэхэд хяналт тавьж ажиллах
-Онцгой комисс 14 хоногт 1 удаа хуралдаж нэгдсэн мэдээлэлтэй байх
 
-Хүнээ бодсон ажил арга хэмжээг зохион байгуулж, хариуцлагатай байх
 
-Хүн амын эрүүл мэндэд онцгой анхаарч, Эх-хүүхдийн эндэгдэлгүй байх, эмнэлгийн үйлчилгээ хэрэгтэй газар бүрт хүрч ажиллах
-Амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдийн мэдээллийн сантай болж тэдэнтэй эргэх холбоотойгоор төрийн үйлчилгээг тогтмол хүргэх тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.