Зүүнбүрэн сумын 40 га газарт гурвалжин будаа тарина

Аймгийн удирдлагын баг Япон улсын Шизуока мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Сэлэнгэ аймгийн талаас ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Б.Нарантуяа, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон хэлтсийн дарга нар, Япон улсын Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын газар тариалангийн албаны ерөнхий мэргэжилтэн Ишикава, мөн  мужийн Засаг даргын Тамгын газрын газар тариалангийн албаны ахлах мэргэжилтэн Ишида, ЗДТГ-ын газар тариалангийн албаны зөвлөх дарга Стимура Эрдэнэхатан, орчуулагч О.Хэрлэн нар оролцлоо. Энэхүү уулзалт нь өнгөрөгч оны 10-р сард Сэлэнгэ аймгийн Засаг дарга Шизуока мужтай газар тариалангийн салбарт хамтран ажиллахаар байгуулсан “Санамж бичиг”-ийг хэрэгжүүлэхэд чиглэгдлээ. Манай аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлээс Монгол Улсын гурил, талх шууд хамааралтай байдаг билээ. Үр тарианы 50-60 хувийг дангаараа хангадаг манай аймгийн хувьд газар тариалан эрхлэгчидээ бүх талаар нь дэмжиж, ахиц дэвшлийг бий болгох ёстойг аймгийн дарга онцолж байв.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил:”Манай аймаг бол газар тариалангийн гол бүс нутаг. Одоо бид мал аж ахуйгаа эрчимжүүлэх зорилтыг тавиад ажиллаж байна. Бидний ярианы гол сэдэв болсон гурвалжин будааг Сэлэнгэ аймагт тариалах асуудал маань ажил болоод туршилтынхаа хэмжээнд ирсэн нь сайхан байна. Манай аймагт бидний ярьсан бүхнийг ажил болгож хэрэгжүүлэхээр ирсэн та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Япон улсын Шизуока мужийн газар тариалангийн албаны дарга НИТТА:” Биднийг хүлээн авч байгаад баяртай байгаагаа илэрхийлье. Бид та бүхэнтэй гурвалжин будааг хамтарч тариална. Гурвалжин будааг тариад 09-р сард хураах хүртэлх хугацаанд 4 удаагийн давтамжтайгаар бид ажиллана. Япон улсын өндөр чанартай гурвалжин будааны үрийг Сэлэнгэ аймгийн хөрсөнд суулгаж, газар тариалангийн салбарын нэгэн тулгуур үйл ажиллагааг хэрэгжүүлж чадна гэж бодож байна. Ирэх 8-р сард Шизуока мужийн дарга Сэлэнгэ аймагт ирэх төлөвлөгөөтэй байгаа. Мужийн дарга маань гурвалжин будааны цэцэг дэлгэрэх үеэр тэрхүү талбайг үзэж сонирхохыг хүсч байгаа” гэлээ.

Шизуока мужийн мэргэжилтнүүд Зүүнбүрэн сумын нутаг дахь тариан талбайнуудаар явж бодит байдалтай танилцан, тохирох талбайг үзсэнээр 40 га газарт гурвалжин будаа тариалахаар боллоо. Ийнхүү Япон технелоги манай аймгийн хөрсөнд шинээр нутагших боломж бүрдэж байна.