Гурвалжин будааны туршилтын тариалалт амжилттай явагдаж байна

Гурвалжин будааны туршилтын тариалалт амжилттай явагдаж байна

Японы үндэсний хоол болох суба гоймонгийн гол түүхий эд болох амт, үнэр сайтай шилдэг сортын “Гурвалжин будаа”-г туршилтаар тарих ажлыг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Арвин хур” ХХК өөрийн тариалангийн талбайдаа амжилттай хийж байна.
Сэлэнгэ аймгийн удирдлагын багийн зүгээс газар тариалан эрхлэгчдээ бүх талаар нь дэмжин ахиц дэвшлийг бий болгохоор олон ажил арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн нэг нь  өнгөрсөн оны 10-р сард Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Япон улсын Шизуока мужийн даргатай газар тариалангийн салбарт хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан явдал билээ. Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймаг, Шизуока муж хоёрын хамтын ажиллагааны гол зорилго болсон газар тариалангийн чиглэлээр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Арвин хур” ХХК-ийг түшиглэн гурвалжин будаа тариалах  тариалалтын ажлыг энэ сарын 25-ны өдөр тус компанийн тариан талбайд зохион байгуулсан юм. Энэхүү туршилтын тариалалтыг Япон Улсын Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын газар тариалангийн албаны ахлах мэргэжилтэн Ишида өөрийн биеэр удирдан заавар зөвлөгөө өгч явууллаа. Тэрээр:-“Гурвалжин будаа нь ерөнхийдөө улаан буудайг бодвол ургалтын явцад арчилгаа бага шаарддаг, монгол орны цаг уурын нөхцөл байдалд дасан зохицох чадвар сайтай, иймээс ургалт сайн байх болно” хэмээн ярилаа. Японы мэргэжилтнүүд будааны ургалтын явцад дахин 2 удаа ирж хяналт тавин ажиллана. Хэрэв энэ жилийн тариалалт амжилттай явагдаж чадвал Сэлэнгэ аймгийн жижиг тариалан эрхлэгчид буюу ногоочдод гурвалжин будааны тариалалт эрхлэх нэгэн боломж нээгдэх юм.