Шаамар сумын Дэлгэрхааны 1-р багийн ногоочин Г.Гантулга: ЭНЭ ЖИЛИЙН НЭГ ТААТАЙ ЗҮЙЛ БОЛ НОГООНЫ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙГАА ЯВДАЛ

Удам залгасан залуу ногоочинтой уулзаж байна. Юуны түрүүнд та өөрийгөө танилцуулахгүй юу. Намрын ургац хураалт ямар шатанд явж байна вэ?

Намайг Г.Гантулга гэдэг. Шаамар сумын Дэлгэрхааны 1-р багийн ногоочин. Энэ жил 10-аад төрлийн ногоо тарьсан. 5 га-д лууван голчлоод бусад нарийн ногоо тарилаа. Одоо ургацынхаа түүвэр хураалтыг хийгээд байж байна. Их хураалт эхлээгүй байна.

Энэ жилийн ургацын байдал ямархуу байв?

Энэ жил ургац их тааруу байлаа. Сүүлд орж байгаа бороо ногооны ургалтанд маш их нөлөөлсөн. Хөрс халахгүй, ургах дулаан орчин бүрдэхгүй байна. Тэгэхдээ яахав ээ, болж байна аа. /инээв/ Харин энэ жилийн нэг таатай зүйл бол ногооны үнэ тогтвортой байгаа явдал. Хэцүү ч гэсэн гантай жил авсан ургац маань зах зээлд нийлүүлэгдэхдээ боломжийн байгаад баяртай байгаа.

Та борлуулалтаа хаана яаж хийж байна?

Улаанбаатарт ченжүүдэд бөөний үнээр өгчихдөг. Хэрэглэгчийн гар дээр очихдоо ногоо жаахан үнэтэй байна гэж сонсож байсан. Биднээс авахдаа түүний тал үнээр нь л авдаг. /инээв/  

Энэ жилийн анхны ургацаа хэзээ авав. Одоо хэдүүлээ ажиллаж байна вэ?

Эхний ургацаа 07-р сарын 18-нд авсан. Миний хувьд яг өөрөө гардан ногоо тариад 2 жил болж байна.  Одоогийн энэ талбай бол аавын маань ногоогоо тарьдаг байсан талбай. Миний аав Гантөмөр гэж улсын аварга тариаланч хүн байсан. Аавыгаа дагаж мэдэж сурснаа одоо өөрөө амьдрал дээр хэрэгжүүлж явна. Байнгын 2 ажилчинтай. Туслах ажилчинг өдөр өдрөөр нь авч ажиллуулдаг.

Та өөрийнхөө ногооны талбайны онцлогийг юу гэж тодорхойлох вэ?

Манай талбай энэ хавьдаа их гайгүй үржил шимтэй гэж хүмүүс ярьдаг. Эндээ тог цахилгаантай, худагтай учир давуу тал болдог. Бүр дээр үеэсээ ”Ногоо Шаамар” гэж хэлэгддэг байсан газар. Шаамар сумын хүнсний ногооны төв газар байгаа юм, манай энэ орчин. Энэ тохойд ойролцоогоор 20-оод өрх ногоо тарьж амьдралаа авч явж байгаа.

Ногоо тарина гэдэг ихээхэн хүч хөдөлмөр, цаг нар шаардсан ажил. Бүгд л арчилгаатай байгаа байх. Илүү их арчилгаатай ногоо юу байна?

Тэгэлгүй яахав. Хэн бүхний амархан хийчих ажил биш. Арчилгаагүй амар ногоо гэж байхгүй. Арай нарийн арчилгаатай гэвэл миний хувьд байцаа.

Ямар ч тариаланд тариалах үр чухал юм шиг байгаа юм?

Өө, тэгэлгүй яахав. Олон янзын үр байгаа. Хүн өөрийн хөрс газартаа тохируулаад л үрээ сонгож байгаа. Миний хувьд зах зээлд ямар ногоо боролж байна, тэр л үрийг олны жишгээр олж тарьдаг. Өнгөрсөн жил 100-аад тн ногоо хураан авсан. Энэ жил харьцангуй олон төрөл болгож тарьсан байгаа.

Танайх ногоогоо өвөлжүүлдэг үү?

Одоо бол шууд бөөндөж байна. Уг нь өвөлжүүлэх сонирхол байгаа. Зоориноос эхлээд хийх ажил их байгаа болохоор өвөлжүүлж чадахгүй байна. Эхнээс нь цэгцлээд л явж байна. Энэ жил бүх хураасан ногоогоо намарт нь борлуулалтанд гаргаж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Ногоо тарихад бэрхшээл тулгарч байна уу?   

/Инээв/. Өөрт тулгарсан саад бэрхшээлийг өөрөө өөрийнхөө хүч бололцоондоо тааруулаад л даван гарахаар зохицуулан ажилладаг. Учир нь би энэ ажлыг өөрийнхөө хүсэл сонирхлоор өөрийнхөө төлөө хийж байгаа. Ер нь ногоо нэгэнт тарьж байгаагийнх ногоо яаж тарьдаг вэ, тэр бүх төгс хэлбэрээр нь хийхийг хичээдэг. Жил ирэх тусам би өөрөө туршлагажина, дадлагажина. Юуг таривал давуу байна. Юуг зах зээлд гаргахад хурдан байна гээд судална, энэ чиглэлээ барина.

Мэдээж цаашид ихийг хийж бүтээх төлөвлөгөөтэй байгаа байх?

Тийм ээ... /Инээв/. Га талбайгаа бүтэн ашиглах, зоорьтой болох гээд дараа дараагийн ажлууд их байна. Ер нь хүнсний ногоог яг газар дээрээс нь хурааж, тэр дор нь боловсруулалтанд оруулах нь чухал юм боловуу гэж боддог. Өнөөдрийн цаг үеийн худалдаанд тохирсон сав баглаа боодолтой, даршилсан гэх мэт... ийм жижиг үйлдвэртэй болохыг хүсдэг.

Д.Одонтунгалаг