ГАЙХАМШИГТ “НИСДЭГ СҮРЭГ”-ИЙН ЭЗЭД

Шаамар суманд 200 гаруй өрх зөгийн аж ахуйг эрхэлж байна. Сэлэнгэ аймаг төдийгүй Монгол улсын зөгийн үндсэн бүл Шаамарт байдаг. Нийтдээ 3500 гаруй бүл зөгий тус суманд байна. Энэ жил зөгийчид бал хураалтаа сайн хийжээ. Аймгийн Засаг даргын зүгээс зөгийчдийнхөө үйл ажиллагааг дэмжиж Турк улсын хөрөнгө оруулалтаар “Зөгийн өвөлжөө”-г тус суманд барьж ашиглалтанд оруулаад байгаа юм. Зөгийнөөс гарч байгаа бүтээгдэхүүнийг дотооддоо төдийгүй гадаад улс оронд гаргах асуудал  аймаг, улсын хэмжээнд яригдаж байгаа билээ. “Нисдэг сүрэг” гэгдэх зөгийн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл болгож тус сумын 1-р багийн зөгийчин Д.Дэлгэр, Ц.Цэцэгсүрэн, Ч.Долгор нартай уулзаж ярилцлаа. Ч.Долгор 10, Д.Дэлгэр, Ц.Цэцэгсүрэн нар 11 жил зөгийн аж ахуй эрхэлж байгаа ажээ.

Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Зөгийгөө отроос оруулаад ирчихсэн юмуу?

Д.Дэлгэр:Та нарт ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Бид нар зөгийгөө отроос оруулж ирээд одоо өвөлжүүлэх бэлтгэлээ хийж байна. Бид гурав тус тусдаа зөгийн бүлтэй. 10, 10 гишүүнтэй. Нийтдээ 30 хүний төлөөлөл болж байгаа хүмүүс.

Ц.Цэцэгсүрэн: Манай бүлийг “Тансаг бүл”  гэдэг.  Энэ жил манайх 180 кг бал авсан. Балаа үр хүүхдүүддээ өгч, зарж борлуулж байна. Болж байна аа, болж байна. Зөгий маань миний амьдралыг дээшлүүлж, үр өгөөжөө харамгүй өгч байгаа.

Хураан авч байгаа бал жил бүр тогтмол байдаг уу, өөр өөр байдаг уу?

Д.Дэлгэр:Тухайн жилийнхээ цаг уурын нөхцөл байдлаас шалгаалж янз бүр байдаг.  Бид борлуулалтаа нийслэл хотдоо, орон нутагтаа хийдэг. Бүр аваад хэвшчихсэн аж ахуйн нэгжүүд ч байгаа.

Балнууд өнгөөрөө ч амтаараа ч өөр өөр байх юм. Энэ юуных вэ?

Ц.Цэцэгсүрэн:Идэж байгаа ургамал цэцгээсээ хамаарч байгаа юм. Байгалийн олон цэцгийн бал хүрэндүү өнгөтэй байдаг. Рапсны бал цагаан өнгөтэй. Тухайн ургамлаасаа хамаарч өөр байдаг.  Бүх бал сайн. Тэгэхдээ эдгээрээс хамгийн сайн бал бол гурвалжин будааны бал.

Зөгийнөөс гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг танилцуулахгүй юу?

Ц.Цэцэгсүрэн: Балыг хүмүүс хамгийн сайн мэднэ. Жилий гэж байдаг. Хүмүүс их хэрэглэдэг болсон. Нойр булчирхай, элэг цөс, таван цулын эрхтэнд сайн. Ходоодны архаг өвчтэй, даралт буурдаггүй, нойр булчирхайн өвчтэй хүмүүс цэвэр спиртэнд дараад хэрэглэж болно. 200 гр цэвэр спиртэнд 5 гр жилий хийгээд 21 хонуулаад эмийн журмаар өдөрт 3 удаа ууж хэрэглэдэг.

Д.Дэлгэр: Балны хаалт гэж байна. Амны хөндийн ариун цэвэрт их тустай. Бактери устгадаг. Өглөө оройд зажилж хэрэглэдэг. Хоол их хурдан шингээдэг. Цэцгийн тоос байна. Хавар байгалийн ургамал цэцэглэж байх үед зөгий өөрөө цуглуулж авчирдаг. Тэр үед нь бид авдаг. Нэг ёсондоо байгалийн өндөр нэгдэлт уураг. Тамирчдын хэрэглэдэг уураг шүү дээ.


Зөгийн аж ахуй эрхлээд та бүхний амьдралд ямар өөрчлөлт гарав. Хэрхэн үр өгөөжөө өгөв?

Ч.Долгор: Үр өгөөжөө маш их өгсөн. Хамгийн гол нь эрүүлжсэн. Өглөө болгон өлөн элгэн дээрээ зөгийн балтай усыг гэр бүлээрээ ууж заншаад байна. Би элэг муутай байсан. Одоо яг хэвийн хэмжээндээ барьж байна. Элэг, цөс, ходоодны өвчинд үнэхээр сайн. Зөгий тэжээдэг хүн хамгийн өндөр наслах магадлалтай гэж оросын эрдэмтэн судалж тогтоосон байдаг юм билээ. Бодоод байхнээ, Монголд зөгийг хамгийн эхлээд оруулж ирсэн Жамц гуай 85 насласан. Ер нь ингээд хараад байхад нээрээ ч үнэн юмуу гэж бодогдохоор байгаа. Балыг нь, тоосонцорыг нь хэрэглэж байна. Байнга зөгийгөөрөө хатгуулдаг. Өвчтэй газраа, нуруу ууц, хөлөндөө. Зөгий маллаж байгаа хүн маш сайн эрүүлждэг. Эдийн засгийн хувьд ч байнгын үр өгөөжөө өгч байна.

Зундаа зөгийг оторлуулдаг юм билээ. Та бүхэн хаашаа оторлуулав?

Д.Дэлгэр: Энэ жил Энхтал явж оторлосон. Гурвалжин будаан дээр байж байгаад ирсэн. Бид бэлчээрээ өөрсдөө явж сонгодог. Хаана ямар сайн цэцэг, ургамалтай газар нутаг байна тэнд л хүрч оторлуулахыг боддог. Бас бэлчээрийн даацыг харна. Олон зөгийтэй газар хэцүү.

Зөгийгөө хаана өвөлжүүлдэг вэ?

Ц.Цэцэгсүрэн: Өөр өөрсдийнхөө өвөлжөөнд хийнэ. Бид гурав зун нь нийлээд явчихна. Өвөл нь өөр өөрсдөө өвөлжөөгөө бэлдэж өвөлжүүлдэг.

Д.Дэлгэр:Манай суманд аймгаас нэг шинэ өвөлжөө барьж өгсөн. Долгор бид хоёр тэнд өвөлжүүлнэ.

Өвөлжөөг хэрхэн бэлддэг вэ?

Ц.Цэцэгсүрэн: Манайх зоорио өөрсдөө барьсан. Температур нь таарсан байх ёстой. 7 хоног бүр орж градусыг нь хардаг. Байнгын нэг хэмд буюу 0 градусд байлгадаг. Нэг хайрцаг нэг бүл. Түүнд 500-600 зөгий байдаг. Манай зооринд 600 гаруй бүл зөгий орно. Одоо энэ хашаанд 3 хүний 46 бүл зөгий байна.

Хатан зөгийг нь яаж гаргадаг юм бэ?

Д.Дэлгэр: Зөгий үржихэд эх зөгийний сонголт маш чухал. Эх зөгий хөгшрөх тусам өндөглөлт багасдаг. Зөгий байгалийн шалгарлаараа эхээ гаргаж болно. Бид зориудаар эх тавьж бас болно. Бид бол сонгож тавьж өгдөг. Хамгийн сайн эх зөгий 4 жил насалдаг. Хөгшрөөд ирэхээр нь зөгийнүүд үүдээрээ гаргаад тавьчихсан байдаг.

Та бүхэн анх хэрхэн зөгийтэй болсон бэ?

Ц.Цэцэгсүрэн: “Дэлхийн зөн” ОУБ-аас айл бүрт 3, 5 бүл зөгий өгч бүрдүүлсэн. Бидний ард 30 хүн байна. Энэ хүмүүс, ер нь Шаамарын ихэнх хүмүүс зөгийгөөр л амьдарч байна шүү дээ. Зөгийгүй хүн ховор.

Ч.Долгор: 1959 онд зөгийг Жамц гэдэг хүн Монголд оруулж ирж байлаа. Нэг хэсэг явж байгаад зах зээлийн шуурганд алга болчихсон. Зөгийчид ажилгүй болсон. Бид бол тэр үед ажиллаж байсан зөгийчид. “Дэлхийн зөн” ОУБ эргээд зөгийтэй болгож эхлэхэд Жамц гуай энх тунх байсан, маш их баярлаж байсан даа, хөөрхий.

Ц.Цэцэгсүрэн: Би өрх толгойлсон эмэгтэй. Намайг зөгийтэй болгоё гээд 3 жилийн дараа эргэн төлөгдөхөөр 5 бүл зөгий өгч байлаа. Хоёр жилдээ багтаагаад төлчихвөл засагт өр байхгүй гэсэн үг. Бусад зөгий нь миний өөрийнх болж байгаа юм. Ингэж л би зөгийтэй болсон. Би 4 хүүхэдтэй. Хүүхдүүдээ бүгдийг нь зөгийнийхөө ашиг шимээр өдий дайнд хүргэлээ. Өнөөдөр хүүхдүүдийнхээ, өөрийнхөө жилийн хэрэгцээг эндээс хангаж байна.  

Өвөлжөөнд нь оруулахдаа ямар идэштэй оруулах вэ?

Д.Дэлгэр: Зөгийг намар, өвөлд сахараар л тэжээнэ. Зундаа байгальд нь тавьж идээшлүүлдэг. Өвөлдөө зөгий ерөнхийдөө ичиж байгаа юм. Унтаад л, сэрээд л, идээд уугаад л өвөлждөг. Рам рамаа дамжаад л хоолоо идээд явдаг. Мөн бид зөгийгөө эрүүл байлгахын тулд уусмалаар витамин өгдөг. Шүршиж цацаж  хэрэглэгдэг вакцин ч байна.

“Нисдэг сүрэг”-ийн эзэд ийн ярьж байна. Д.Дэлгэр гуай ХАА-н дээд сургуулийг агрономич мэргэжлээр төгсөж, Шаамарын МСҮТ-д 37 жил багшилсан багш хүн ажээ. Тиймээс ч Ч.Долгор, Ц.Цэцэгсүрэн нар “манай багш” гэж хэлж байсан юм. Энэ л “Нисдэг сүрэг”-ийн гайхамшигтай бүтээгдэхүүнүүд дэлхийн улс орнуудын зах зээлд түгэн дэлгэрч эзэддээ баяр баясал авчрах болтугай.

Д.Одонтунгалаг