ХУШААТ СУМЫН КАЗАКИЙН ЦАГААН ТОЛГОЙТ ҮХРИЙН ҮҮЛДЭРЛЭГ ЧАНАРЫГ САЙЖРУУЛЖ, УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗАГВАР БОЛОХУЙЦ МАЛ ҮРЖЛИЙН НЭГЖ БАЙГУУЛНА

Мерси Кор Монгол олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа Казакийн цагаан толгойт үхрийн үүлдэрлэг чанарыг сайжруулах, улсын хэмжээнд загвар болохуйц мал үржлийн нэгж байгуулах төслийн нээлтийн арга хэмжээ Сэлэнгэ аймгийн Хушаат суманд 09-р сарын 22-ний өдөр боллоо. 2017-2019 оны хооронд 2 жилийн хугацаатай хэрэгжих энэхүү төслийг тус сумын “Хушаатын Баялаг” мал үржлийн хоршоо, Мерси Корын гэрээт “Хөгнө Мээж” үндэсний зөвлөхийн баг хамтарч хэрэгжүүлнэ. Нээлтийн арга хэмжээнд Мерси Кор олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Рамеш Сингх, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгч Рик Гёрли, Аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, Хушаат сумын Засаг дарга Б.Атартулга болон малчдын төлөөлөл оролцлоо.

Малын ашиг шимийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа энэхүү төсөл нь “Даван туулах дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийг Мерси Кор,ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлэх юм. Уг хөтөлбөрийн гол зорилго нь мал аж ахуйн үйлдвэрлэл, экспортыг дэмжиж, иргэд, төрийн байгууллагын хямрал, саад бэрхшээлийг давах чадавхийг бэхжүүлэх замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг хангахад оршиж байна. Монгол улсад тулгамдаж буй нийгэм, улс төр, эдийн засаг, байгаль орчны доройтол бэрхшээл нь хүртээмжтэй, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа ч Монголын нүүдлийн түүх соёл, аж ахуй, БНХАУ, ОХУ-ын зах зээлийн боломж, дэлхийн зах зээл дэх бэлчээрийн үхрийн махны эрэлт хэрэгцээний өсөлт зэрэг хүчин зүйлүүд мал аж ахуйн салбарт тулгуурлаж тэнвэртэй, хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах таатай боломжийг бүрдүүлж байгаа гэж төслийг хэрэгжүүлэгч байгууллага үзэж байна.

Мерси Кор нь хүний төлөө ээлтэй ертөнц байгуулж болно гэсэн итгэлтэй, олон улсын тэргүүлэх хүмүүнлэгийн байгууллага юм. Тус байгууллага өнөөдөр дэлхийн 40 гаруй улсад зоригтой шийдлүүдийг хэрэгжүүлж, хүмүүст бэрхшээлийг даван туулж хөгжихөд нь тусалж байна. 1999 онд Мерси Кор төлөөлөгчийн газраа Монголд албан ёсоор нээсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, бизнесийг дэмжих, ил тод иргэний нийгэм байгуулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр 25 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ. Одоогийн байдлаар тус байгууллага манай улсын 11 аймагт 2 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.