НОГООЧИД ХУРАН ЦУГЛАЖ ЗӨВЛӨЛДСӨНДӨӨ ТАЛАРХАЛТАЙ БАЙНА

Өнөөдөр аймгийн “Ногоочдын зөвлөгөөн” амжилттай боллоо. Энэ удаагийн зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын санаачлагад тулгуурлан аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран зохион байгуулав. “Ногоочдын зөвлөгөөний” зорилго төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийн ногооны борлуулалтад тулгарч буй хүндрэл, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, “Сэлэнгэ төмс, хүнсний ногоо” хөтөлбөрийн төсөлд санал авах, шинэ мэдлэг, мэдээлэл олгоход оршиж байв.

Сэлэнгэ аймгийн 17 сумын ногоочид хуран цуглаж, тулгамдаж байгаа бэрхшээл, ололт амжилтаа хуваалцан харилцан санал солилцлоо. Ногоочдын зүгээс зоорьтой болох, үнийг тогтвортой байлгах, Хятадаас ногоо оруулж ирэхгүй байх, шинэ мэдлэг олгох сургалтуудад хамрагддаг болох, үрийнхээ сортдоо анхаарах, залуу ногоочдыг дэмжсэн бодлого баримтлах зэрэг олон анхаарах асуудлууд байгааг хэлж байв. Энэ жилийн тухайд ногоочид анх удаагаа орлоготой байж чадсаныг онцолж, өрнөөсөө салсан гэлээ. Тиймээс урд хөршөөс орж ирэх ногоонд хязгаар тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчид талархалаа илэрхийлж байгааг албан ёсоор дамжуулж  өгөхийг аймгийн Засаг даргаас хүслээ.

Аймгаас зоорьтой болгох, өрхийн аж ахуй эрхэлж хашаандаа бага талбайд тариалалт хийж амьдралаа авч яваа ногоочдоо дэмжих, ганц ганцаараа биш хоршиж нөхөрлөл хэлбэрээр баг болон ажиллуулах, үр болон хүлэмж, бага оврын техник тоног төхөөрөмжийг зуучилж өгөхөд анхаарч ажиллах бодлогыг барьж байна.