НОГООЧИДДОО ШИНЭ МЭДЭЭЛЭЛ, МЭДЛЭГ ӨГЛӨӨ

Өнөөдөр аймгийн төвд “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах арга зүй” сэдэвт ногоочдод зориулсан сургалт боллоо. Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт төмсний 28 хувь, хүнсний ногооны 30 хувийг дангаараа үйлдвэрлэдэг.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил хашаандаа, бага талбайд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж өрхийн аж ахуй эрхлэн амьдралаа авч яваа олон арван иргэддээ хэрэгтэй, ашиг тусаа өгөх үйл ажиллагааг хэрэгжүүлэн тэднийг дэмжиж ажиллахыг зорьж байна. Энэ ч үүднээс аймгийн “Ногоочдын зөвлөгөөн”-ийг 10-р сард зохион байгуулсан бол энэ удаа ногоочдынхоо санал хүсэлтэд тулгуурлан аж ахуйгаа эрхлэхэд нь тус дэм болох мэргэжил арга зүйн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд аймгийн 17 сумын ногоочид Засаг дарга нарынхаа хамтаар оролцож тус салбарын эрдэмтэн докторуудын илтгэл мэдээллийг сонсож, санал бодлоо илэрхийлэн цоо шинэ мэдлэгтэй боллоо. Сургалтын хүрээнд Монголын хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Х.Алтанцацралт “Өвлийн хүлэмж барих арга”, “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын агрономич С.Тунгалаг “Хүлэмжинд жимс, хүнсний ногоо тариалах технологи”, БИОС нийгэмлэгийн тэргүүн Д.Тэгшжаргал “Хүнсний ногооны өвчин хортонтой тэмцэх арга”, УГТХ-ийн Хүнсний ногооны секторын эрхлэгч Н.Нарангэрэл “Хүнсний ногоо тариалах агро зөвлөмж, үр үржүүлэх боломж”, УГТХ-ийн хүнсний ногооны эрдэм шинжилгээний ажилтан Н.Одончимэг “Бага тархацын ногооны үрслэг бойжуулах арга, ургалтын хугацааны арчилгаа” сэдвүүдээр ногоочдод мэдээлэл өгөв.

Мандал сумын ногоочдын холбооны тэргүүн, ногоочин Р.Нармандах “Мандал суманд байцаа болон бусад ногоо тариалсан туршлага”, Шаамар сумын Улсын ургацын аварга ногоочин Ц.Даваасамбуу “Шаамар суманд сонгинолог ургамал тариалж буй туршлага”-аасаа тус тус хуваалцлаа. Мөн энэхүү сургалтын хүрээнд аймгийн “Төмс, хүнсний ногоо” хөтөлбөрийн 3 дугаар хэлэлцүүлэг явагдаж ногоочид саналаа хэллээ. Аймгийн зүгээс орон нутгийн төрийн мэдлийн цэцэрлэг, сургууль, цэргийн анги, эмнэлэг зэрэг төсвийн байгууллагуудын төмс, ногооны худалдан авалтыг тухайн сумаасаа авдаг болгох, сум бүрт төмс, ногооны агуулах зоорийг концессийн нөхцлөөр барьж байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх  зорилт тавин ажиллаж байна.