МАЛЫН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СУРГАЛТ БОЛЛОО
Аймгийн ХХААГ-аас нийт малын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Эрх зүйн орчин нилээдгүй өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа цаг үед энэ удаагийн сургалт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.
Аймгийн хэмжээний мал эмнэлгийн нэгжийн 1 эмчид 36,7-58,1 мянган толгой мал ноогдож байгаа нь та бүхний ачаалал ямар байгааг харуулж байгаа үзүүлэлт. Малын эрүүл мэдээс гадна нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, Олон Улсын зах зээлд эргэлтэнд оруулах зэрэг олон чухал зорилтууд бидний өмнө байна. Энэ бүхэнд та бүхний ажлын үүрэг, хариуцлага өмнөх жилүүдээс илүү нэмэгдэж байгааг анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээн тодотгож хэллээ. 

УИХ-ын намрын чуулганаар “Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн тухай” хуулийг батлагдаж, энэ оны 06-р сарын 01-нээс мөрдөгдөхөөр бэлтгэл ажил хийгдэж байгаа билээ. Энэхүү хуулиуд нь малаа эдийн засгийн эргэлтэнд оруулах, мал амьтны гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүийг Олон улсын зах зээлд гаргахад үүсч байгаа элдэв хориг саадыг арилгахад малчдаас эхлээд холбогдох яам, тамгын газар гээд бүх шатанд эрх, үүрэг хариуцлагыг тодорхой болгож өгснөөрөө онцлогтой. Ийнхүү 2018 он малын эмч мэргэжилтнүүдийн хувьд шинэ хууль эрх зүйн орчинтой жил болж байна.