МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллалаа. Засгийн Газрын тэргүүний энэ удаагийн орон нутгийн томилолт газар тариалангийн стратегийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн хаврын тариалалт, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нүдээр үзэж танилцахад чиглэгджээ. Эхний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зүүнбүрэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Газар агро”ХХК-ийн махны хэвшлийн үхрийн аж ахуй, “Арвин хур”ХХК-ийн усалгаатай тариалан, “Алтан тариа”ХХК-ийн сүүний үхрийн фермийн аж ахуйтай танилцлаа.

Хоёр дахь өдөр Хушаат сумын “Элит үр”ХХК-ийн төмсний тариалалт, үр үйлдвэрлэлт, Сант сумын “Монгол газар шим”ХХК-ийн усалгаатай тариалалтын явц, Сайхан сумын Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаатай танилцав. Ирэх жил Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой тохиож байгаа тул Засгийн Газраас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил байгааг Засгийн Газрын тэргүүн онцолсон. Тэр тундаа газар тариалангийн бүс нутгуудыг тодорхойлж, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхийг гол зорилгоо болгож байгаа гэлээ.

Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт үр тарианы тэн хагасыг дангаараа үйлдвэрлэдэг бүс нутаг учир “Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх” зорилт дэвшүүлж бодлого боловсруулан хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа аймгийн Засаг дарга Ш.Оргил илэрхийлсэн. Мөн “Элит үр” компаний туршлага дээр тулгуурлан “Сэлэнгэ” нэрийг тодорхойлсон шинэ үртэй болохоор ажиллаж байгаагаа ч хэллээ. Сэлэнгэ аймаг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болоход төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй гэдгийг тариаланчдын төлөөлөл Засгийн газрын тэргүүнд илэрхийлж байв.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил:-”Газар тариалангийн бүс нутаг болно гээд малчдаа хөөж туухгүй, малчид маань тооны хойноос биш чанартаа анхаарч эрчимжсэн цөөн тооны малтай байх ёстой. Малчидаа ч, тариаланчидаа ч хохироохгүй хэн хэнийхээ эрх ашигт нийцсэн байхыг чухалчилж байгаа” гэлээ. Өнөөдөр Сэлэнгэ аймаг 1,5 сая малтай болсон нь бэлчээрийн даацын хувьд жинхэнэ “асуудал” дагуулж байгаа юм. Тариа будаа тарьж ургуулдаг онцлогтой аймаг учир нөхцөл байдал нь малыг эрчимжүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэж байгаа билээ.