ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН 2019, АТАР ГАЗАР ЭЗЭМШСЭНИЙ 60 ЖИЛИЙН ТҮҮХТ ОЙН НЭЭЛТ БОЛЛОО

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн тариаланчид зөвлөлдөж 2019 оны хаврын тариалалтын чиг хандлагаа тодорхойлон ярилцаж, Атар газар эзэмшсэний 60 жилийн түүхт ойн нээлтээ хийлээ. Тариаланчдын зөвлөгөөний хүндэт хойморт Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн хүндэт тугийг залж, төр засаг, түмэн олноороо хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн баатар,гавьяатууд тухлан сууж бахдал хүндэтгэлийг хүлээлээ.

Эх нутгийнхаа эрүүл аюулгүй хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эрхэм үүргээ Сэлэнгийн тариаланчид нэр төртэй биелүүлж яваа. Атар газар эзэмшсэний 60 жилийн түүхийг нөр их хөдөлмөрөөрөө бүтээлцсэн баатар, гавьяатуудыг энэ өдөр “Хүндэт дэвтэр”-т гарын үсгийг нь зуруулж мөнхөллөө. “Хүндэт дэвтэр”, 60 жилийн ойн хүндэт тугийг атрын анхны шанг татсан хуучнаар Зэлтэрийн САА одоогийн Түшиг сумаас эхлэн аялуулахаар болж сумын удирдлагад гардуулан өглөө. 


“Сэлэнгэ аймгийн газар тариалангийн салбарын анхаарах асуудал, орон нутагт хэрэгжүүлэх арга зам” илтгэлийг аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, “Орчин үеийн газар тариалангийн чиг хандлага” илтгэлийг “Тогтвортой хөгжлийн түүчээ”ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Л.Баяртулга, “Хаврын тариалалтад баримтлах агро зөвлөмж”-ийг Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Газар тариалангийн секторын эрхлэгч, доктор Ж.Намбар, “Төмс, хүнсний ногооны агро зөвлөмж”-ийг Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Төмс судлалын секторын эрхлэгч Х.Нямгэрэл, “Тариалангийн талбайн хог ургамалд хэрэглэгдэж байгаа шинэ төрлийн гербицүүдийн танилцуулга”-ыг Таримал хамгааллын салбарын эрхлэгч доктор, профессор М.Отгонсүрэн,” Сэлэнгэ аймгийн 2019 оны дулааны улирлын цаг агаарын ерөнхий төлөв байдлын талаар” УЦУХ-ийн Урт хугацааны прогнозын хэлтсийн дарга Г.Баясгалан, “Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний танилцуулга”-ыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар танилцуулж харилцан ярилцлаа. 


Эрдэмтэн докторуудын илтгэл мэдээллээс тариаланчид олон шинэ сэргэг мэдээллийг олж авч энэ жилийн хаврын тариалалтын чиг хандлагаа ч тодорхойлж, Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойдоо өндөр ургацаар бэлэг барих сэтгэлийн дуудлагаар энэ өдрийн зөвлөгөөнийг Сэлэнгийн тариаланчид өндөрлүүллээ.