17 СУМЫН 117 АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭД 23,2 САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЛЭЭ

2019 оны шинэ ургацын хүнсний болон бараа бүтээгдэхүүний “Сэлэнгэ ургац-2019” үзэсгэлэн худалдаанд 17 сумын 117 аж ахуйн нэгж, иргэд 70 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэйгээр оролцож 23,2 сая төгрөгийн борлуулалтыг хийлээ.


Үзэсгэлэн худалдааны “Зохион байгуулалт сайтай оролцсон сум”-аар Хүдэр сум, “Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр Сайхан сумын “Сүүн зам” бяслагийн үйлдвэрийн “Бяслаган бүтээгдэхүүн”, Баянгол сумын иргэн Д.Хишигмаагийн “Хушгатай ногоон цай, цайны цуглуулга”,“Органик бүтээгдэхүүн”-ээр Цагааннуур сумын иргэн Л.Тунгалагийн “Мах махан бүтээгдэхүүн”, “Шилдэг хоршоо”-гоор Сант сумын “Сэлэнгэ таван хайрхан” дундын хоршоо, “Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр Мандал сумын “Зүүнхараад үйлдвэрлэв” гутлын үйлдвэрийн “Гутал”, “Зүүнхараа кашмер”-ийн “Ноос ноолуур бүтээгдэхүүн”, Сүхбаатар сумын Б.Ууганбаярын “Ширэн эмээл, хазаар, суран эдлэл”, Зүүнбүрэн сумын иргэн А.Лхагвасүрэнгийн “Цуунд дарсан сармис”зэрэг бүтээгдэхүүнүүд шалгарлаа.


“Сэлэнгэ ургац-2019” үзэсгэлэн худалдааг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж, сумдын бараа бүтээгдэхүүнийг авчрахад шатахууны дэмжлэг болгож Засаг даргын нөөц сангаас 3,7 сая төгрөгийг зарцууллаа.


Орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнд худалдан авалтаар дэмжлэг үзүүлсэн иргэддээ талархал илэрхийлье.