15 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙГАА “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД СЭЛЭНГИЙН НОГООЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОО

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа” 15 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд  2020” нэгдсэн арга хэмжээ “Алтан намар 2020” шинэ ургацын төмс, хүнсний ногоо, “Эрүүл хүнс 2020” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 2020 оны 9 дүгээр сарын 15-наас 21-ний өдрүүдэд гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, хэрэгцээт хүнсээр дотоодын үйлдвэрлэлээ хангах, импортыг орлох, экспортыг дэмжих зорилгоор “Мишээл ЭКСПО” төвд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Мандал, Жавхлант, Сүхбаатар, Зүүнбүрэн, Баруунбүрэн, Шаамар, Орхон, Хушаат сумдын нийт 41  ногоочин, хүнс үйлдвэрлэгчид оролцож, 2200 ширхэг хмелийн талх, 1100 ширхэг утсан загас, 350 тн төмс, 800 тн хүнсний ногоо, 7000 ширхэг даршилсан ногоо, 1100 ширхэг жимс, жимсгэний суулгац, 2,2 тн зөгийн бал борлуулж, 780 сая төгрөгийн борлуулалт хийж, 7 хоногийн турш нийслэлийн хүн амыг экологийн цэвэр төмс, хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр хангалаа.

“Намрын ногоон өдрүүд-2020” нэгдсэн арга хэмжээний шинэ ургацын “Зохион байгуулалт сайтай оролцсон сум”-аар Зүүнбүрэн сум, “Шинэ сортын ногоо нутагшуулж тарьсан ногоочин”-оор Мандал сумын ногоочин А.Отгончимэг,  “Шинэ сортын ногоо нутагшуулж тарьсан ногоочин”-оор Шаамар сумын ногоочин С.Ширнэн, “Хамгийн их олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин”-оор Сүхбаатар сумын ногоочин Б.Цэцэгээ, Шаамар сумын ногоочин М.Ариунаа нар шалгарч өргөмжлөл цомоор шагнагдлаа.

Нийслэлийн 5 дүүргийн 19 цэгт 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон “Шилдэг ногоочин”-оор Зүүнбүрэн сумын ногоочин Д.Алтанцэцэг, Шаамар сумын ногоочин Б.Нандин-Эрдэнэ, Мандал сумын ногоочин Р.Нармандах, Мандал сумын ногоочин Ч.Эрдэнэсувд нар шалгарлаа.