“МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯАРАЛТАЙ ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЯН” ЭХЭЛЛЭЭ
Улсын Онцгой комиссын 02 дугаар тогтоол, Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын А/77 дугаар тушаал, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтын аян”-ыг эхлүүллээ.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн Онцгой комиссын Шуурхайн нэгдсэн штабын дарга, аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга О.Мөнхбаяр, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Я.Мөрөн, Мэргэжлийн хяналт болон Тагнуулын газрын дарга, 17 сумын Засаг дарга, Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч нар оролцов.
Уг аян 2022 оны 04 дүгээр сарын 18-наас 20 хоногийн хугацаанд үргэлжлэх ба аймгийн хэмжээнд мэдрэмтгий мал, амьтан хамруулна.
Яаралтай дархлаажуулалтын арга хэмжээг товлосон хугацаанд, стандарт арга зүй зааварчилгааг баримтлан шуурхай зохион байгуулах талаар аймгийн Засаг дарга, Мал эмнэлгийн газар, сумдын Засаг дарга нартай “Хариуцлагын гэрээ” байгуулав.