ТҮШИГ СУМЫН "АНХТАМИР" ХХК-ИЙ ЗАХИРАЛ ШАРАВЫН НОРОВСАМБУУ "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" ЦОЛТОН БОЛЛОО
Авто тээвэр, газар тариалангийн салбарт тасралтгүй 40 шахам жил хөдөлмөрлөхдөө Монгол Улсад атар газар эзэмших, газар тариаланг хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн 1 га талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн улсдаа тэргүүлж, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн хамт олноо улсын “Тэргүүний тариаланч хамт олон”-оор удаа дараа шалгарахад идэвх санаачилга гарган манлайлан ажиллаж, ард түмнээ эрүүл хүнсээр хангах, авто тээвэр, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж “Анхтамир” ХХК-ий захирал, Гавьяат тээвэрчин Шаравын Норовсамбууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн баатар" цол хүртээлээ.
Ш.Норовсамбуу БААТАРЫН газар тариалангийн салбарт хөдөлмөрлөж яваа он жилүүд Сэлэнгэ аймагтай салшгүй холбоотой. Түшиг суманд Улсын удаа дараагийн аварга “Анхтамир” ХХК, Орхонтуул суманд "Суварган тамир"ХХК амжилт дүүрэн үйл ажиллагаагаа явуулж аймаг, орон нутагтаа хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Их Таванхан уул, үржил шимт хөрсөө шүтсэн шинэхэн БААТАРЫН хамт олон 11 удаагийн "УЛСЫН АВАРГА" хэмээх эрхэм алдрыг хүртээд байгаа. Тодруулбал "Анхтамир", "Суварган тамир" компаниуд "Улсын аварга тариаланч хамт олон"-оор 5 удаа тодорсон бол 6 удаагийн "Улсын аварга тариаланч"-ийг өлгийдөн аваад байгаа юм.
Шинэхэн БААТАРТАА халуун баяр хүргэж, эх орноо хүнсээр хангах их хөдөлмөрт нь амжилт хүсье.
УРГАЦ АРВИН БАЙГ ЭЭ.