“ХҮНСНИЙ ХАНГАМЖ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТ СЭЛЭНГЭ АЙМАГТ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “ХҮНСНИЙ ХАНГАМЖ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН”-ИЙ нээлт өнөөдөр манай аймагт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, Ч.Даваабаяр, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал, ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн газрын мэргэжилтэн Н.Ариунтуяа нарын албаны хүмүүс, үйлдвэрлэгчид, ард иргэд, төр төсвийн байгууллагын ажилтан албан хаагчдын төлөөлөл оролцлоо.
“ХҮНСНИЙ ХАНГАМЖ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН”-ИЙ нээлтийг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж албан ёсоор нээж, Монгол Улсын Ерөхийлөгчийн мэндчилгээг МУ-ын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, Ч.Даваабаяр хүргэлээ.
ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал “УИХ-ын 36-р тогтоолын хэрэгжилт ба ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны хийж хэрэгжүүлж байгаа ажлууд”-аас, ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр “Хүнсний хангамж нийлүүлэлтийн тогтолцоо”, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ "Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдал, цаашид авах арга хэмжээ" илтгэлийг, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймагт хийх ажлын төлөвлөгөө”-г тус тус танилцуулж хэлэлцүүлэг, асуулт хариултыг өрнүүллээ.
Манай аймаг 305,5 га тариалангийн эргэлтийн талбайтай. Улсын хэрэгцээт үр арианы 50 хувь, төмс хүнсний ногооны 28 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Жилд дундажаар 174-196 мянган га талбайд үр тариа, төмс хүнсний ногоо, тэжээл, тосны ургамалыг тариалж байна.
Аймгийн хэмжээнд 1392 жижиг дунд үйлдвэрлэл цехт 8275 иргэн ажиллаж байгаагийн 60 гаруй хувь нь газар тариалан, мал аж ахуй, хүнсний салбар, мод модон бүтээгдэхүүн, барилгын материал, оёдлын чиглэлд ажиллаж байгаа юм.
Хөдөө аж ахуйн салбар бол манай аймгийн голлох салбарын нэг. Тиймээс ч дотоодын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх үүрэг манай аймгийн “нуруун дээр” явдаг.
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж цаашид газар тариалангийн үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалан ойн зурвас, хашаажуулах төслийг хэрэгжүүлэх, хүлэмжийн болон зоорины аж ахуй эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ ургацын ногооны хангамжийг нэмэгдүүлэх, жимс жимсгэнэ тариалах талбайн хэмжээ, нэр төрлийг олшруулах, боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлж “Сэлэнгэ Органик брэнд”-ийг аймгийн хэмжээнд бий болгох бодлого зорилтын хүрээнд ажиллаж байгаагаа танилцуулаад аймгийнхаа нийт баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчдэдээ ард иргэдээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах эрхэм үйлсэд нь амжилт хүслээ.