Оны эхний гурван сарын байдлаар 173599 эх мал төллөөд байна

 

2013-2014 оны өвөл, хавар 17 сумын 56 баг 7399 малчин болон мал бүхий өрхөд 1,2 сая мал өнтэй сайхан хаваржиж байна. Өнгөрсөн зун, намар аймгийн хэмжээгээр нийт малын 94 хувь буюу 1,2 сая гаруй мал хол ойрын оторт гарч 96 хувь нь дунд, дундаас дээш тарга хүч авчээ. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 9 суманд 10 инженерийн хийцтэй худаг гаргах ажлын бэлтгэл ажил хийгдэж гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажил явагдаж байна. 2014 онд байгаль орчинд халгүй аргаар бэлчээрийн талбайн оготнотой тэмцэх ажлыг 40.0 мянган га-д хийхээр төлөвлөөд байна. Оготны тархалтыг зогсоох, устгах ажлыг Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сайхан, Сант, Баянгол сумдад зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
 
2014 оны 03 дугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд 173599 эх мал төллөж гарсан төлийн 99,5 хувь нь бойжиж байна. Ерөө, Орхон, Сант, Цагааннуур, Баянгол, Сайхан, Орхонтуул, Баруунбүрэн, Жавхлант, Хушаат сумдад төлийн хорогдолгүй байна. Аймгийн хэмжээгээр том малын хорогдол 630 байгаа нь өнгөрсөн оны мөн үейинхээс 1495 толгойгоор бага байна.