Зарим сумдын нутгаар талдаа 18-20 см, уулархаг газартаа 55-60 см цастай байна

 

Аймгийн хэмжээнд 2014-2015 оны өвөл, хаварт 7400 малчин болон мал бүхий өрхийн 1,3 сая малыг өвөлжүүлж, хаваржуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа.
 
Нийт малын 94 хувь нь хол ойрын оторт явж, 96 хувь нь дунд, дундаас дээш тарга хүч авчээ. Сэлэнгэ аймаг энэ онд 154170 тонн байгалийн хадлан бэлтгэхээс 166680 тонн хадлан бэлтгэж, төлөвлөгөөт зорилтоо 108,1 хувиар биелүүлсэн. 2013-2014 оны өвөл, хавар өнтэй сайхан жил болж өнгөрсөн тул 2013 онд аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөнд бэлтгэсэн 110 тонн өвс, 90 тонн тэжээлийг малын тэжээлд зарцуулаагүй битүү агуулахад чанарыг нь алдагдуулахгүйгээр хадгалж байгаа юм. МУ-ын Засгийн газрын 241 тоот тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс сумдын аюулгүйн нөөцөнд 596,7 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэж байршлын судалгааг сум бүрээр гаргаад байна. 2014-2015 онд аймгийн дүнгээр 46,2 мянган мал байран тэжээлд, 652,9 мянган толгой мал нэмэгдэл тэжээлд өвөлжихөөр тооцжээ. Мөн энэ өвөл, хаварт инженерийн хийцтэй 516 худаг, 3295 энгийн уурхайн худаг ашиглагдах бөгөөд уст цэгийн бэлэн байдал аймгийн дүнгээр 98,2 хувь, өрхийн усан хангамж 100 хувьтай байна. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны мэдээгээр өнгөрсөн 12 сарын сүүлээр 3 удаагийн давтамжтайгаар орсон цас Сүхбаатар, Алтанбулаг, Хушаат, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар талдаа 18-20 см, уулархаг газартаа 55-60 см байгаа ч одоогоор мал өвөлжилтөнд хүндрэл, бэрхшээл гараагүй байна. Харин Шаамар сумын Охь-Хөндий, Нарсан сүүл, Хүрэн шанд, Хушаат сумын Ар-тойлбоор цас их хэмжээгээр орж цасан бүрхүүл тогтож, зам даваа хаагдсан тул туулах чадвар сайтай зүтгэх хүчээр зам харгуй гаргах ажлыг зохион байгуулж байна. Сумдын Засаг дарга нар, багийн дарга, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр малчдаар явж, мал аж ахуйн өвөлжилтийн байдалтай танилцаж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.
 
 
Сүхбаатар сумын “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГазарт өдөрт 27 м3 багтаамжтай машинаар 9-13 удаа нүүрс бууж, зуухнууд хэвийн ажиллаж байна.