Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариаланчид зөвлөлдлөө

 

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг нуруун дээрээ үүрч яваа, МУ-ын газар тариалангийн салбарын хөдөлгөгч хүч цөм хэсэг болсон Сэлэнгэ аймгийн баялагийг бий болгогч бас бүтээгч тариаланчид маань 04-р сарын 14-ний өдөр нэгдсэн зөвлөгөөнөө хийлээ.
 
Энэ удаагийн зөвлөгөөн тариаланчид, яам хоёрын дунд маргаан гарсан зөрчилтэй цаг үед, будаа тариалаад намар нь борлуулж чадах уу үгүй юу гэсэн гайхширлын эргэлзээтэй үед болсноороо онцлогтой. Энэ ч утгаараа Монгол Улсын үр тарианы тал хувийг дангаараа үйлдвэрлэдэг Сэлэнгэ аймгаас газар тариалангийн салбарын бодлого чиглэл ихээхэн хамааралтай юм. Өндөр ач холбогдол бүхий тус зөвлөгөөнд ХХААЯамны төрийн нарийн бичгийн дарга Ариунболд, яамны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, УЦУОШХүрээлэнгийн эрдэмтэн Д.Аззаяа, Дархан-Уул аймгийн ХХААГ-ын дарга Ц.Энхжаргал, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариаланчидын төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөнийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нээв. “Хаврын тариалалтын бэлтгэл, цаашид анхаарах асуудал” илтгэлийг Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Х.Даваахүү, Дархан-Уул аймгийн ХХААГ- ын арга Ц.Энхжаргал, “Газар тариалангийн салбарын 2015 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ” илтгэлийг Ц.Болорчулуун, “Дулааны улирлын цаг уурын ерөнхий төлөв” илтгэлийг Д.Аззаяа, “Цаг агаарт зориудаар нөлөөлсөн ажлын үр дүн” илтгэлийг Сэлэнгэ аймгийн УЦУОША-ны дарга, доктор М.Рэгзэдмаа, “Хаврын тариалалтын технологийн асуудлууд” илтгэлийг МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавъяат агрономич Ш.Мардаан, “Газар тариалангийн үйлдвэрлэлийн маркетингийн асуудлууд” илтгэлийг МУ-ын аж үйлдвэрийн гавъяат ажилтан Б.Баярхүү, “Хөндлөнгийн хяналт, тариалалтад зориулан нөөцөлсөн үрийн чанар, анхаарах асуудал” илтгэлийг Сэлэнгэ аймгийн МХГ-ын дарга Д.Энхсайхан мэдээллээ.
 
 
Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Х.Даваахүүгийн илтгэлд хөрсний асуудлыг онцгойлон анхаарах, үржил шимийг нь сайжруулах, үрийн чанарыг МХГ-ын магадлан итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулж байх зэрэг олон чухал санааг тусгасан байв. Харин МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавъяат агрономич Ш.Мардаан ургамлын нөмрөгтэй юмуу сүрлэн хучилттай уринштай байж гандалт хуурайшилтыг давна. Хангалттай чийгтэй газарт 3-3,2 сая ширхэгээр, 5-6 см-ийн гүнд тариалах хэрэгтэй. Тариагаа заавал ангилж цацах ёстой. Имй тариа бороонд цавуулгаа алддагүй гэж зөвлөлөө. Мөн тэрээр 2013, 2014 онуудад бид ургацаа зүгээр л өртөгөөр нь худалдсан. Ийм байдлаар яваад байвал МУ-ын газар тариалан уналтад орно гэдгийг анхаарах хэрэгтэй гэлээ. Ш.Мардаан гуайн хувьд 1990 оноос хойш га-гаас тогтмол 20 гаруй цн ургац авч байгаа туршлагатай тариаланч хүн. МУ-ын аж үйлдвэрийн гавъяат ажилтан Б.Баярхүү яамны бодлогод сэтгэл дундуур байгаагаа, зөвлөж ярьж хамтарч шийдвэр гаргахыг хүслээ. Зөвлөгөөнд оролцсон тариаланчдаас:- яаманд мэргэжлийн боловсон хүчин байхгүй, улсаас авах авлагаа авч чадаагүй өдийг хүрсэн, импортын будаа оруулж ирэхийг зогсоох, газар тариалангийн бодлого чиглэлийн баримт бичиг гаргахдаа салбартаа ажиллаж байгаа туршлагатай тариаланчидаас асууж тодруулдаггүй, Сэлэнгэ аймгийн тариаланчид МУ-ын газар тариалангийн цөм хэсэг гэдгийг ойлгох, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгодог хор үйлчилгээ муутай, буудайн доод үнийг зарлах, яам хэт нэг талыг дэмжээд байгаад гомдотой байгаа, тариаланчдын авлага 55 тэрбум төгрөг байхад яамнаас ямар бодлого барьж ажиллаж байгаа, тариаланчид ногоочдод даатгал байдаггүй, байгалийн эрсдэлд өртөх магадлал өндөртэй байдаг зэрэг олон саналуудыг гаргалаа.
 
ХХААЯамны төрийн нарийн бичгийн дарга н.Ариунболд:-Тариаланчдын зарим нь үнээ зарла, зарим нь үнээ чөлөөл гэж ярьдаг. Үнэ чөлөөтэй байгаа. Тэдээр эдээр зар гэж тогтоосон зүйл байхгүй. Хүнсний улаанбуудайн хувьд зах зээлийн журмаар явна гэж тооцож байгаа. Биржийн худалдааг дэмжиж байгаа хүн байна. Эсэргүүцэж байгаа хүн ч байна. Энэ бол туршилт. Бид туршиж үзсэн. Та бүхэн ХАА-ын бирж дээр өөрсдөө борлуулж болно. Нээлттэй. Үнийн хувьд 550 гэсэн сайдын тушаалтай. Энэ тушаал өөрчлөгдөөгүй. Өнгөрсөн жил ч бид энэ үнээр авсан. Импортын буудайн хувьд хэрэгцээ шаардлагатай тулгуурлаж шийднэ. Ирэх намрын ургацаас хамаарна гэсэн үг. Бодлогын баримт бичигт ямар санал тусгах нь нээлттэй. Бид өнөөдөр энэ зөвлөгөөн дээр хэлсэн саналуудыг бодлогын баримт бичигтээ тусгаж ажиллана гэдэг хариултыг өглөө.
 
Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:
 
Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой явуулахад цаашид анхаарч ажиллая. Төр засагтаа санал хүргүүлье. Санал
 
1.Хөрсний үржил шимд төрөөс дэмжлэг үзүүлэх
 
2.Энэ жилийн намар улаанбуудайг биржээр явуулах тал дээр тариаланчид эргэлзээтэй байгаа учир угтвар нөхцөл байдлыг хангасны дараа энэ асуудлыг тавих
 
3.Тариаланчид одоо болтол авлагатай байгаа талаар санал явуулах
 
4.Үнэ чөлөөлөх асуудал дээр нэгдмэл биш байгаа учраас ахиж ярилцах
 
5.Яамыг мэргэжлийн түвшинд ажиллуулах
 
6. Сэлэнгэ аймгийг эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг болгох чиглэлтэй байхаар,
 
ХХААЯаманд:
 
1.Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг хуучин хэв маягаас нь гаргах
 
2.Энэ зун компаниудад ирсэн хор нөлөөлөхгүй бол бид шууд ТЭДСанд хариуцлага тооцох
 
3.Бордооны асуудалд анхаарах
 
4.Өнөөдөр зээлгүй газар тариалангийн нэг ч компани байхгүй. ТЭДСанд өрийн үлдэгдэлтэй гэдэг байдлаар хандвал ахиад маргаан гарах байдалд анхаарах зэрэг чиглэлтэй байхаар саналыг боловсруулахыг аймгийн ХХААГ-т даалгалаа.
 
Энэ удаагийн зөвлөгөөний үр дүнд ахиад жагсаал цуглаан бүү болоосой. Энэ байдлыг гаргахгүйн тулд яам овсгоотой ажиллаасай. Элдэв асуудал байвал харилцан ширээний ард суугаад ярилцаасай. Тогтвортой байдал, харилцан ойлголцол бол хамгийн сонгодог арга. Тариаланчдын хувьд хэн нь хэдэн га-тайгаас үл хамаарч ижил хэмжээний урамшил авдаг, ижил хариуцлага хүлээдэг байх ёстой гэж аймгийн Засаг дарга зөвлөгөөнийг хаахдаа хэлсэн юм.
 
Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариаланчдын энэ зөвлөгөөнд Төв, Улаанбаатараас ч тариаланчдын төлөөлөл ирсэн байв. Тэд төр засагтаа, салбарын яамандаа хэлэх гэснээ хэлж, гомдсон, бухимдсан сэтгэлийн үгээ илэрхийлэн, санал бодлоо хуваалцлаа.
 
Сэлэнгийн тариаланчид өнөөдрийг хүртэл нуруун дээрээ үүрч ирсэн МУ-ын газар тариалангийн ахиц, хөгжил, дэвшлээ, унтах нойр амрах цагаа мартан байгаль дэлхийтэйгээ эвлэн цаг наргүй хөдөлмөрлөсөн их үр шимээ, хүн ардынхаа аюулгүй байдлыг хангасан гурил, талхаа үйлдвэрлэсээр, бүтээсээр, бий болгосоор байх нь гарцаагүй ганц үнэн. Жинхэнэ утгаараа баялгийг бүтээж, бий болгож байгаа энэ л хүмүүстээ та бид баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Ирэх намрын Сэлэнгэ нутгийн халиуран найгах шаргал тарианы ургац өндөр байх болтугай.