С.Бүрэнбат:Сүүлийн 30 жилд ийм намрын ургац хураалт болж байсныг ер нь санахгүй байна

 

С.Бүрэнбат:Сүүлийн 30 жилд ийм намрын ургац хураалт болж байсныг ер нь санахгүй байна
 
Сэлэнгэ аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй хийгээд цаг үеийн асуудлын талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай ярилцлаа.
 
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сэлэнгэ аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн зохион байгуулагдаж байна. Аймгийн Засаг даргын зүгээс онцгойлон анхаарч байгаа ямар асуудлууд байна вэ. Тухайлбал газар тариалан, мал аж ахуй, хадлан тэжээл бэлтгэл . . .?
 
Сэлэнгэ аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө дуусах тийшээгээ хандаж байна. Анхаарах хэд хэдэн гол асуудал дээр аймгийн зүгээс холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн. Ерөнхийдөө өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдолтой асуудлаар засаг дарга гурав дахь удаагаа шийдвэр гаргалаа. Үүнд 6-р сард албан даалгавар гаргасан. Мөн 7-р сарын сүүлээр нөхцөл байдал өөр болж байгаа учраас холбогдох зарим арга хэмжээг зохион байгуулах тухай үүрэг чиглэл өгсөн. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн бүх сумдад, холбогдох агентлагуудад өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, цаг үеийн ажлыг хугацаа алдахгүй зохион байгуулах үүрэг даалгавар хүргүүлээд байна.
 
Онцгой анхаарал хандуулах зүйл бол нэгдүгээрт МАА. Мал өвөлжилтийн асуудлаар Сэлэнгэ аймаг таатай биш байна. Яагаад гэвэл энэ зуны нөхцөл байдлаас шалтгаалаад хадлангийн бэлтгэл сайн биш байгаа. Ерөнхийдөө мал тарга авч, ногоонд цадсан. Гэхдээ одоогоор хэвийн байгаа ч өвөлдөө хадлан тэжээлээр хангагдах асуудал бүрхэг байна. Тийм учраас сумдын дарга нарыг хадлангийн асуудлыг орон нутагтаа маш сайн үр дүнтэй зохион байгуулахыг онцгойлон анхаарууллаа. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ жил газар тариалангаас 38 мянган га талбайн ургац алдсан. Энэ талбайнхаа 10 мянган га-г нь бэлчээрт шилжүүлэх, мөн 10 мянган га-гийн өвсийг хадаж, хүчит тэжээл болгон бэлтгэх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэлийг ХХААГ-аар дамжуулан бүх сумдад өгсөн. Хоёрдугаарт мал өвөлжүүлэхтэй холбоотой асуудлаар нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалтыг сайн хийх хэрэгтэй байна. Сэлэнгэ аймаг өөрөө онцлогтой нутаг. Манай аймгийн дунд Дархан-Уул гэж бүхэл бүтэн том аймаг байдаг. Энэ аймгийн зонхилох иргэд манай аймгийн нутаг дэвсгэр дээр амьдардаг. Иймээс энэ асуудлыг маш харилцан шүтэлцээтэй өндөр түвшинд зохион байгуулах асуудал Дархан-Уул аймгийг тойрсон сумдын удирдлагуудад өгөгдөж байгаа.
 
-Аймгийн дулааны станцын хувьд нүүрс, түлээний нөөц байгаа юу. Халаалт, дулааны асуудлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
 
Төв орон нутгийн дулаан, өвлийн халаалттай холбоотой асуудал анхаарлын төвд байна. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг “Рэдхил Монголия” Улаан-Овоогийн нүүрсний уурхай эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан үйл ажиллагаагаа зогсоосон. Иймээс бид бусад уурхайнуудтай гэрээ байгуулах, урьдчилж нүүрс татах ажлуудыг зохион байгуулах асуудал бий болоод байна. Иймээс энэ асуудлаар сумдын Засаг дарга нарт тусгайлан үүрэг өглөө. Энд аймгийн төвийн дулааны станцыг “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайтай гэрээ байгуулах асуудлыг үүрэг болгон өгч, санхүүгийн асуудлыг урьдчилан төсвөөсөө зохицуулахаар шийдвэрлэлээ. Мөн сумдын төвүүдэд дулааны станц, уурын зуухнууд байгаа. Энд ажиллаж байгаа хүмүүст эрчим хүчний зохицуулах зөвлөлөөр дамжуулан үүрэг даалгавар өглөө. Түүнчлэн одоогийн нөхцөлд аваарын байдалд байгаа Орхонтуул, Сант сумдын зарим доголдолтой хэсгүүдэд аймгийн онцгой комисс шийдвэр гаргаж, доторхой хэмжээний хөрөнгө зарцуулан аваарь, гэмтлийг арилгуулах чиглэлд аймгийн ОБГ-ын дарга, аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, сумдын дарга нарт үүрэг чиглэл өгсөн. Станцуудын эх үүсвэрт анхаарал тавихаасаа илүүтэй үйлдвэрлэсэн дулааныг яаж үр дүнтэй ашиглах вэ? гэсэн чиглэлд анхаарлаа хандуулахын зэрэгцээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ЗДТГ гээд орон нутгийн өмчит, төр төсвийн байгууллагуудын дулаалгын асуудалд онцгой анхаарч байгаа. Энэ мэт ажлуудыг эмхэлж зохион байгуулаад дуусах тийшээ хандаж байна. Цаг үетэй холбоотой ХАА-н үйлдвэрлэлийн ажил болоогүй байна.
 
-Аймгийн “Сэлэнгэ Энерго” ОНӨУҮГ-ын үйл ажиллагаа бэлэн байгаа юу. Жил бүр төвлөрсөн халаалтын асуудал нэлээд оройтож өгөгддөг. Энэ байдал энэ жил яаж зохицуулагдах вэ? Ерөнхийдөө халаалтыг хэднээс эхлэн өгөх төлөвлөгөөтэй байгаа вэ?
 
Дулааны станцын хувьд өөрийнх нь үйл ажиллагааны бэлэн байдал 100 хувь хангагдсан. Одоо 9-р сарын 15-нд халаалтаа өгөхөд бэлэн байгаа. Гагцхүү хөрөнгийн асуудал шийдэгдээгүй. Үндсэндээ сангийн яамнаас энэ халаалт дулааны мөнгийг шийдвэрлэнэ. Манай дулааны станц чинь 100 хувь орон нутгийн өмчийн, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчим дээр ажилладаг үйлдвэр шүү дээ. Тус үйлдвэр маань өөрөө өөрийгөө санхүүжүүлж чадахгүй байгаа болохоор өнгөрсөн жилээс эхлэн улсын төсвөөс дэмжлэг авдаг болсон. Энэ дэмжлэг нь зуны халаалтандаа зарцуулагдаж байгаа. Уг нь бидний хувьд 9-р сарын 15-наас 5-р сарын 15 хүртэл халаалт өгөх санал тавьдаг. Гэвч санхүүгээс шалтгаалаад хойш, урагш болдог. Миний хувьд дулааны станцад 9-р сарын 20-ноос эхэлж халаалтыг өг, 25 гэхэд жигдэрүүл гэсэн үүрэг өгсөн байгаа.
 
-Энэ намрын ургац хураалтын ажил ихээхэн хүндрэлтэй болж байх шиг байна ...?
 
Энэ сарын маань хамгийн гол ажил бол ургац хураалтын ажлыг зохион байгуулах явдал байна. Миний хувьд ургац хураасан сүүлийн 30 жилд ийм намрын ургац хураалт болж байсныг ер нь санахгүй байна. Яагаад гэвэл энэ жил ургац муу байна. Бид га-гаас 8-9 цн ургац авна гэж хичээж байна. Гэтэл нэг талбайн ургац маш намхан. Намхан тариаг хэдийгээр технологио бариад, ургамал хамгааллынхаа бодисоо хэрэглээд ч зэрлэг багатай ийм талбайг ангилан хадаж болдоггүй. Хэтэрхий богино учраас. Ангилахад газар луугаа шигдээд уначих юм бол дараагийн цайруулалтанд ордоггүй маш их хаягдал үүсдэг. Үүнээс болгоомжлоод манай ихэнх компаниуд орохгүй байгаа. Олон жилийн дунджаар өнөөдөр Сэлэнгэ аймаг нийт хураах ургацынхаа 15 хувиас доошгүй хувийг хураасан байдаг. Гэтэл өнөөдөр хоёр хувьдаа ч ороогүй байа. Энэ бол ердөө будааны болц, цаг агаарын байдалтай холбоотой. Нөгөө хэсэг тариа нь нэлээд боломжтой. Тэгсэн мөртлөө саяын 8-р сард орсон маш их бороо, дээр нь дулааны нийлбэр их өндөр байна. Энэ нь нөгөө хог ургамал эрчтэй ургах нөхцөлийг үүсгэсэн. Дээр нь хяруу унахгүй, зэрлэг ургамал нь хатахгүй байна. Тиймээс орж чадахгүй байна.
 
-Энэ ийм хүнд нөхцөлд ургацаа аль болох хаягдалгүй авахыг хичээж байгаа нь ойлгомжтой. Таны хувьд ямар арга хэмжээ авч байна. Будаагаа хурдан хурааж авахын тулд юуг анхаарвал зохих вэ?
 
Энэ арга ажиллагааг шуурхай зохион байгуулахын тулд бид одооноос салхилуулж, дундуур нь нэмэлт ангилан хадалт хийж салхилах зай гаргах, мөн хог ургамалд нь хор цацах, түргэтгэх арга хэмжээ явуулж байна. Нөгөө талаасаа ургац хураалт хойшлох нь тодорхой болж байна. Маш бага ургац авах гэж байгаа мөртлөө маш их ургац авах дайны хөдөлмөр, зохион байгуулалтыг үйлдвэрлэгчдээс шаардах нь ээ. Иймээс сумдын Засаг дарга нарыг ургац хураалтыг дуустал малчдын намаржааны нүүдлийг тариалан луу оруулахгүй байх даалгаврыг онцгойлон өгсөн.
 
-Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна даа?
 
Энэ жил хадлан тэжээлээс шалтгаалаад намрын мах бэлтгэлийн ажил эрчимтэй явагдах нь ээ. Өөрөөр хэлбэл манай малчид малаа нэлээд борлуулах нь. Тийм учраас Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэг, сургууль, эмнэлэг, бусад төр төсвийн байгууллагууд, хоолны газар, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээний бүх махыг тухайн сум өөрөө хангах ажлыг багийн дарга нар өөрсдөө зохион байгуулах чиг үүргийг сумдын Засаг дарга нарт өгч байна. Үүгээрээ бид мал аж ахуйн үйлдвэрлэлээсээ гарч байгаа бүтээгдэхүүнээ өөрсдөө дэмжиж авья, эдийн засгаа өөрсдөө дотооддоо бүрдүүлэе гэсэн бодолтой байна. Газар тариалан, мал аж ахуй аль аль чиглэлд онцгой анхаарал хандуулья гэсэн бодлого барьж байна.
 
-Энэ жилийн тухайд аймгийн зүгээс баялаг бүтээгчидээ нэлээд анхаарч байгаа. Энэ чиглэлээр энэ сард ямар ажил арга хэмжээ зохион байгуулах гэж байна вэ?
 
Хоёрдугаар гол асуудал бол дахиад “Сэлэнгэд үйлдвэрлэв” арга хэмжээ байна. Аймгийн хувьд энэ жил ерөнхийдөө зөгийн аж ахуй нэлээн гайгүй, ногоочид маань тариаланчдаа бодвол харьцангуй сайн байна. Тийм учраас сүүлийн үед Сэлэнгэд нэлээд бие даан хөгжиж байгаа зөгийн гаралтай бүтээгдэхүүн, Сэлэнгийн өөрийнх нь хэв шинжийг хадгалсан лаазалсан, консервлосон ногоо, бусад бүтээгдэхүүнийг брэнд болгон зах зээл дээр гаргах асуудал анхаарлын төвд байгаа. Хөвсгөл аймагт “Хөвсгөл түншлэл” арга хэмжээ удахгүй болно. Өнөөдөр Архангай аймгаас “Архангай түншлэл” арга хэмжээний урилга ирж байна. Энд аймгийнхаа бүтээгдэхүүнийг оролцуулна. Ялангуяа Хөвсгөл аймаг бол манай хамгийн их хүн амтай аймаг. Тэр том аймаг руу аймгийнхаа бараа бүтээгдэхүүнийг гаргаж сурталчлах ажлаар аймгаар ЗДТГ-ынхан маань энэ сарын 23-наас эхлэн хоёр өдрийн арга хэмжээ зохион байгуулна. Энэ мэт намрын ажил маань ундарч байна. Дээр нь цаг үетэй холбоотой, дотоод зохион байгуулалтын асуудлууд нэлээд бий.