Алтанбулаг экспо-2016” олон улсын форум Сэлэнгэ аймагт болно

“Алтанбулаг экспо-2016” олон улсын үзэсгэлэн, форум ирэх 5-р сарын 20-ноос 21-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” чөлөөт бүсд болно. Тус арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгөхөөр АҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, тус яамны ХҮБЗГ-ын дарга Ш.Гэрэлчимэг, Чөлөөт бүсийн хөгжил, аж үйлдвэрийн паркийн хэлтсийн дарга Т.Чимэгсанаа, мөн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Даваа, Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Мөнхжаргал, Чөлөөт бүсийн хөгжил, аж үйлдвэрийн паркийн хэлтсийн мэргэжилтэн М.Цэрэгжүрмэд нар өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллалаа. Ажлын хэсгийнхэн аймгийн удирдлагууд болон хил, гааль, МХГ, иргэний харьяатын шилжилт хөдөлгөөний газрын удирдлагуудтай уулзаж, үзэсгэлэн форум болох өдрүүдэд аймгийн зүгээс ямар ажил хийх талаар ярилцлаа. Тус олон улсын үзэсгэлэнд ОХУ, БНХАУ-ын иргэд, аж ахуйн нэгжүүд худалдаа үйлчилгээ явуулахаар харилцан зорчиж үзэсгэлэнд оролцох учраас эдгээр өдрүүдэд аль болох хил, гаалийн асуудлыг нарийвчлан зохицуулж, эртнээс хилийн асуудлаар харилцан тохиролцон арга хэмжээ авч ажиллах чиглэлийг ч мөн өглөө. Мөн гаалийн зүгээс хүндрэл учруулахгүй байх, бараа бүтээгдэхүүнийг уян хатан нөхцөлтэйгээр нэвтрүүлэх, дарааллын дугаар үүсгэж хүндрүүлэхгүй байх зэрэг асуудлуудыг тухайн хоёр өдөрт анхаарахыг хөндлөө. Сэлэнгэ аймгийн зүгээс тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажлын хэсэгт аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа орж ажиллах аж. Эдгээр өдрүүдэд зохион байгуулагдах арга хэмжээний үеэр аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын тоглолтыг зохион байгуулах, буудал, хоолны газруудыг бэлтгэх, хил, гааль орчмын үйл ажиллагааг нэг цонхны үйл ажиллагаанд шилжүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцлээ. Ирэх долоо хоногт тухайн үйл ажиллагааны албан ёсны хөтөлбөр батлагдах учраас түүний дагуу ажлын хэсгийнхэн ажилдаа орох юм байна.