Сэлэнгийн зөгийн балыг Европын холбооны улсуудад экспортонд гаргахад тусална

Европын холбооны “Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн багийнхан Сэлэнгэ аймагт ажиллалаа. Европын Холбооны төслийн багийн ахлагч Хенк Де Пау, төслийн зөвлөх Франсуа Андре, зөвлөх Р.Бумдарь, оффис менежер А.Пүрэвдаваа нар Сэлэнгэ аймагт ажилласан гол зорилго нь Сэлэнгийн зөгийн балыг Европын холбооны улсуудад экспортонд гаргахад нь туслах бөгөөд тус ажлынхаа хүрээнд аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөртэй уулзаж, зөгийн балыг Европын холбооны улсуудад экспортонд гаргах судалгааны ажлын талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо. Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын лаборатори, мал эмнэлэг ариун цэврийн магадлан итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, Шаамар сумын зөгийн аж ахуй эрхлэгчдийн зарим аж ахуйгаар оров. Төслийн багийнхан ажлын 2 дахь өдрөө “Европын Холбооны улсуудад зөгийн бал экспортлох нь” сэдэвт семинарыг аймгийн ЗДТГ, ХХААГ-тай хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Сүхбаатар, Зүүнбүрэн, Шаамар, Цагааннуур, Ерөө зэрэг сумдын 100 гаруй зөгийн аж ахуй эрхлэгчид хамрагдав. Тэд Европын холбооны зөгийн балны зах зээл, гуравдагч орнууд Европын холбоонд малын гаралтай бүтээгдэхүүн экспортлоход тавигдах шаардлага, зөгийн өвчин, түүнээс сэргийлэх арга зам, эрүүл ахуйн сайн дадал ба мөшгөлт зэрэг хэрэгцээт сэдвүүдээр мэдээлэл сонсож, харилцан ярилцаж, зохих мэдлэг олж авсан юм.
Европын холбоонд хүнсний бүтээгдэхүүн экспортлоход маш өндөр шалгуур тавьдаг ажээ. Тухайлбал зөгийн балын зах зээлийн мэдээлэлтэй байх, Европын холбоонд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг импортлоход тавигдах үндсэн шаардлагыг хангасан байх, Монгол Улсын эмийн үлдэгдлийн хяналтын төлөвлөгөө /NRCP/-тэй байх, зөгийн бал экспортлох зөвшөөрөл авсан байх зэрэг шаардлагуудыг биелүүлсэн байж тус холбоонд зөгийн бал экспортолдог байна. Тиймээс эдгээр шаардлагуудыг хэрхэн биелүүлж, стандартын цэвэр бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой болох мэдээллийг тус багийнхан өглөө. Хэрэв дээрх шаардлагыг хангаж чадвал Сэлэнгийн зөгийн бал Европын холбоонд экспортлогдож, зөгий аж ахуй эрхлэгчдийн орлого нэмэгдэн, нэр хүнд өсөх боломж бүрдэнэ. Зөгийн бал нь эмийн үлдэгдэлгүй, байгалийн гаралтай, цэвэр бүтээгдэхүүнд ордог ажээ.