Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
Өнөөдөр Аугаа их эх орны дайны Ялалтын 72 жилийн ойг тохиолдуулан Алтанбулаг суманд байрлах Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Д.А.Цыденишиевич, Хиагтын аймгийн Засаг дарга Буянтуев А.В болон Орос, Монголын чөлөөлөх дайны ахмад дайчид, нутгийн ард иргэд оролцлоо. Түүхэнд тодоор тэмдэглэгдсэн энэхүү дайны ялалтыг авчрахад эхний өдрөөс эцсийн мөч хүртэл Монголчууд Оросын ард түмэнтэй сэтгэл нэг байж, "Хувьсгалт монгол” танкын цуваа, "Монгол ард” нисэх онгоцны эскадриль болон монгол морьд, сэтгэл санаа шингэсэн эд материалыг фронтод илгээж үнэтэй хувь нэмэр оруулж байсныг энэ өдөр нэхэн дурсцгаалаа. Хойч ирээдүй болсон хүүхэд багачууд маань 72 жилий тэртээ алтан амиа өргөн байж энх цагийг бидэнд авчирсан тэрхүү баатарлаг дайчдаа нэхэн дурсаж, гэгээн дурсгалыг үүрд хүндэтгэж, мөнхжүүлж үлдэх учиртай. Энэ үеэр ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа ерөнхий консул Д.А.Цыденишиевич: Зөвлөлтийн дайчдын ялалтыг хүндэтгэн босгосон Алтанбулаг сум дахь энэхүү хөшөөг арчилж, хамгаалж буй Сэлэнгэ аймгийн болон Алтанбулаг сумын удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлээд ялалтын баярыг монголчууд жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэж ирдэгт баярлаж явдгаа хэллээ. Зочид, төлөөлөгчдөд зориулан Алтанбулаг сумын сургуулийн сурагчид, “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид, ХЦ-ийн 0243-р ангийн үлээвэр хөгжимчид ая дууны мэндчилгээ өргөлөө.