ЯПОН УЛСЫН ШИЗУОКА МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ АЙМАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА

Өнөөдөр Сэлэнгэ аймагт Япон улсын Шизуока мужийн Засаг дарга Кавакацү Хэйта тэргүүтэй зочид төлөөлөгчид  айлчилж байна. Тус мужтай манай аймаг газар тариалангийн салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчлах үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Шизуока мужтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулснаас хойш тус мужийн газар тариалангийн салбарын мэргэжилтнүүд удаа дараа манай аймаг ирж Зүүнбүрэн суманд Япон арга технологиор гурвалжин будааг амжилттай тариалсан юм. Тиймээс ч тус мужийн Засаг дарга ноён Кавакацү Хэйта тэргүүтэй зочид гурвалжин будааны цэцэг ид сайхан цэцэглэсэн энэ цаг мөчид манай аймагт хүрэлцэн ирлээ. Япон улсын Шизуока мужийн Засаг дарга ноён Кавакацү Хэйта хэлэхдээ-“Миний хүндэтгэж явдаг эрхэмсэг ноён Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нар Япон улсад айлчлах үедээ газар тариалангийн салбарт хамтран ажиллах гэрээ бичиг зурж байсан нь өчигдөрхөн мэт санагдаж байна. Өнөөдөр бидний хамтын ажиллагааны хүрээнд тариалсан гурвалжин будаа маань Монгол улсын газар тариалангийн гол бүс нутаг болсон Сэлэнгэ аймагт маш сайхан ургаж байгаа гэсэн мэдээллийг аваад сэтгэл өндөр байна. Япон хүмүүс гурвалжин будаагаар хийсэн соба гоймонг үндэсний хоолондоо хэрэглэх маш их дуртай. Сэлэнгэ нутагт тариалсан энэ гурвалжин будаа Япон хүмүүсийн хэрэглээ болж тэдний ширээн дээр гарна гэдэгт бат итгэлтэй байна. Миний бие анх удаа Сэлэнгэ аймагт ирж байна. Үзэсгэлэнтэй сайхан байгальтай бүс нутгийг хараад сэтгэл маш их хөдөлж байна. Өнөөдөр манай Шизуока муж Сэлэнгэ аймгаас нэгэн хүндэтгэлтэй сайхан бэлгийг хүлээж авсан нь 1 настай морь байлаа. Энэ морь манай хоёр аймгийн найрамдалт харилцааны нэгэн хэсэг болж, маш хурдан хүлэг болохыг ерөөе. Эрхэмсэг ноён Ш.Оргил болон та бүхэндээ дахин талархсанаа илэрхийлье” гэв.

Ийнхүү манай аймгийн Зүүнбүрэн сумын “Арвин хур” ХХК-ны 40 га талбай болох хоёр давааны арын шарилжит хэмээх газар Японы алдарт соба гоймонгийн гол түүхий эд болох япон гурвалжин будаа амжилттай ургаж байна.