СЭЛЭНГЭ АЙМАГ ОХУ-ЫН ЕКАТЕРИНБУРГ ХОТТОЙ НАЙРАМДАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Аймгийн Засаг дарга ОХУ-ын Свердловск муж дахь Екатеринбург хотын дарга В.Е.Ройзманыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал харилцан найрамдалт харилцаагаа өргөжүүлж, аль салбарын ямар чиглэлд хамтран ажиллаж болохоо ярилцав. Уулзалтанд аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нар оролцлоо. ОХУ-ын Екатеринбург хот бол аж үйлдвэрлэлийн хот гэдгээрээ олноо танигдсан онцлогтой хот юм. Аймгийн Засаг дарга Ш.Оргил Сэлэнгэ аймагт хамгийн их эрэлттэй дутагдалтай байгаа мэргэжил бол токарьчин, слесарь гэдгийг онцолж байв. Мөн хог хаягдлыг ангилан ялгаж дахин боловсруулах тал дээрх Екатеринбург хотын туршлагыг ч сонирхож байлаа. Хоёр талын онцлог, салбар хоорондын уялдаа холбоо зэргийг ярилцсаны дараа Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ОХУ-ын Екатеринбург хотын дарга В.Е.Ройзман нар найрамдалт хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Санамж бичигт аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж туршлага солилцох, хоёр талын үзэсгэлэн яармаг, бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулах, Екатеринбург хотод Сэлэнгэ аймгаас төмөрлөг судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх гээд олон чухал асуудлууд тусгагджээ.