ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН МАСАТО ТАКАОКА МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Масато Такаока манай аймагт ажиллалаа. Элчин сайдыг  тус яамны 2-р нарийн бичгийн дарга Ёкояма Такаши, “Өвсний үндэс” хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Цүики Мао, “Өвсний үндэс” хөтөлбөрийн мэргэжилтэн Фүки Ёоко нарын албаны хүмүүс дагалдан явлаа.

Ноён элчин сайдыг аймгийн Засаг дарга Ш.Оргил хүлээн авч уулзан аймаг орон нутаг болоод Япон улс, Сэлэнгэ аймгийн хамтын ажиллагааны ололт амжилтын талаар танилцуулав. Эрхэмсэг ноён Масато Такаокагийн энэ удаагийн албан айлчлалын хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд “Сүхбаатар сумын Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн өргөтгөлийн байрны их засвар”-ын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа,ТЗУХ-ийн дарга Б.Болорзул, аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга,Сүхбаатар сумын Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн эрхлэгч П.Амарсанаа, “Сити Люкс”ХХК-ий захирал Н.Харцага нарын хүмүүс байлцлаа.

Манай аймаг Япон Улстай олон талт төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Өвсний үндэс” хөтөлбөр. 1995 оноос хойш “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарт нийт 1,7 сая долларын 23 төслийг хамтран хэрэгжүүлээд байна. Мөн манай аймаг Япон Улсын Шизоука мужтай хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн салбарт хамтран ажиллаж Япон технологиор гурвалжин будаа тариалсан нь амжилттай ургаад байгаа. Эрхэмсэг ноён Масато Такаока их засвар хийх цэцэрлэгийн байрыг өөрийн биеэр очиж үзэн, Жайкагийн сайн дурын ажилтан Миазаки Фүи, Яамада Ацүши нарын ажиллаж байгаа Сүхбаатар сумын Улсын тэргүүний 1-р сургууль, Аймгийн Нэгдсэн эмнэлэгээр орж сайн дурын ажилтнуудаа хэрхэн ажиллаж байгаатай танилцлаа. Ноён элчин сайд Монгол-ОХУ-ын хилийн бүс, Алтанбулаг сумын ариун цэврийн байгууламжтай танилцаж, Аймгийн Нэгдсэн музейн үзмэрийг үзэж сонирхон, тус суманд байрлах Япон цэргийн дурсгалын газарт очиж хүндэтгэл үзүүллээ.

Ийнхүү Сүхбаатар сумын 8-р баг буюу ПСМК-д байрлах хуучин байр шил толь шиг шинэчлэгдэн засварлагдаж нэгэн шинэ цэцэрлэгийн барилга үүдээ нээх нь. Тус цэцэрлэгийн байрны засварыг “Сити Люкс”ХХК засварлах юм.